Туркийн хэд хэдэн хотод өнгөрсөн лхагва гарагаас эхлэн зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1879 хүн баривчлагдсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэв.
Жагсаал нь Истанбул хотын дарга, сөрөг хүчний гол төлөөлөгч Экрем Имамоглу авлигын хэргээр шоронд хоригдсон үйл явдлаас улбаатай юм. Түүний баривчилгаа улс төрийн зорилготой, эрх баригчдын зүгээс сөрөг хүчнээ намжаах арга хэмээн олон нийт үзэж буй.
Сайдын мэдээлснээр:
-
Баривчлагдсан хүмүүсийн 260 нь одоогоор цагдан хоригдож байна
-
489 хүн суллагдсан
-
662 хүн шалгагдаж байгаа
-
Жагсаалын үеэр 150 хууль сахиулагч гэмтэж бэртсэн
-
Баривчлагдсан хүмүүсийн зарим нь өмнө нь гэмт хэрэг үйлдсэн эсвэл хориглосон бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, баривчлагдсан иргэд нь бүгд хууль сахиулагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлсэн гэх үндэслэлээр баривчлагдсан бөгөөд улмаар эрх баригчид орон даяар жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон хугацааг дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан байна.
Эх сурвалж: DW