Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Монгол Улсын багаас дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдахад гурав нь медалийн тавцанд гарч, нэг нь шагналт тавдугаар байрт шалгарав.
Тухайлбал, тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Э.Дэлгэрмаа Ази тивийн дөрөв дэх медалиа гардсан бол Б.Мөнхнар, Б.Отгонтуяа нарын Ази тивийн анхны медалиа гардсан юм.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.