Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяашиг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон албаны бусад хүмүүс угтав.
Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй 6 дахь удаагийн айлчлал юм.
Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.
Уулзалт, яриа хэлэлцээний хүрээнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана. Мөн Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийг дүгнэж, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулах чиглэлд хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх талаар санал солилцоно.
Мөн Монгол улсад албан ёсны айлчлал хийх гэж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши Монголын ард түмэнд хаяглан захидал илгээснийг ЭНД дарж уншаарай.
Сэтгэгдэл (1)