УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Намайг яллагдагчаар татсан тогтоолыг өнгөрөгч баасан гаригт гаргасан байна. Ямар хэрэгт буруутгаж яллагдагчаар татаад байгааг сая асуулаа. Гэтэл есөн жилийн өмнөх Засгийн газрын гаргасан хувийн компанийн эзэмшлийн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртлэх замыг Эрдэнэс MGL төрийн өмчийн компанид худалдаж авч өгөх тогтоол гаргасан. Энэ асуудлаар намайг яллагдагчаар татсан байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэсэн байна. Энэ бүхнээс дүгнэхэд улс төрийн зорилгоор намайг яллагдагчаар тооцож байна гэж үзэж байна. QSC компани, Хөтөлтэй холбоо асуудал гэж өмнө нь баахан мэдээлсэн.
Энэ асуудалтай гэж бодтол есөн жилийн өмнөх замын асуудлаар яллагдагч болгож. Тэр замыг 174 тэрбум төгрөгөөр улсад авч байж. Тэгээд 324 тэрбум төгрөг цугласан. Тэгэхээр улсад ашигтай үйлдэл болсон байгаа биз дээ. Тэр замыг худалдаж авсан 174 тэрбум төгрөгийг Эрдэнэс MGL компани Хөгжлийн Банкнаас авчихаад төлөөгүй байгаа юм байна. Тэр нь надад ямар хамаатай юм бэ. Ер нь есөн жилийн өмнөх шийдвэрээрээ яллагдагч болно гэдэг инээдтэй сонсогдож байгаа биз. Гэхдээ тэр шийдвэр нь улсад ашигтай байсан. Яагаад намайг буруутгаад байгааг Улсын ерөнхий прокуророос асуухад дэд хорооны гишүүд УЕП-оос асуулт асууж болохгүй гэсэн" гэв.