УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр 10:30 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй удсаар 12:20 цагийн үед эхэллээ.
Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг шалгах явцад дээрх нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан. Уг саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн билээ.
Улсын Ерөнхий Прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор асуудлыг хэлэлцэн шийдэхийг хуульд заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо ийнхүү хуралдаж байна.
Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхдээ нэг нэгээр нь оруулж, асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ дагуу Н.Алтанхуяг гишүүн хамгийн эхэнд дэд хорооны хуралдаанд оролцож байна.
Тус дэд хороонд парламентад хамгийн олон сонгогдсон таван гишүүн харьяалагддаг ба Н.Энхболд даргатай тус дэд хорооны гишүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын гишүүд багтдаг.