Ардчилсан нам байгуулагдсан ойн баярын өдрийг тохиолдуулан намын удирдлагууд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр С.Зоригийн хөшөөг буулгаж, барилга барихын эсрэг намын зүгээс мэдээлэл хийсэн юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Монгол Улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг Улсын дээд шүүх баталсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны бүртгэл, гэрчилгээ, тамгатай нэг л Ардчилсан нам бий. Хүчин төгөлдөр бус сунгааг хүмүүс явуулж байгаа.
С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, Ардчилсан Намын байрны суурин дээр 21 давхар оффисын барилга барих зэрэг янз бүрийн мэдээлэл гарч байна. Голомт банкны захирал Д.Баясгаланд хоёр удаа энэ асуудлаар мэдэгдсэн. Ийм зүйл байж болохгүй" гэлээ.
Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Ямар ч баталгаа байхгүй байхад хууль ёсны гэж нэрлэн намын даргын сунгаа явуулж байгаа нь МАН-ын даргын зөвлөхийн хийж буй ажил. Бид их харамсаж байна. Жирийн гишүүн байсан бол ойлгох байсан. Бүх зүйл хууль дүрмийн дагуу шийдэгдэх учир үнэн ялна. Гишүүдийг дүрмийн бус зүйлд битгий оролцоосой гэж хүсэж байна" гэсэн юм.