Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороон дахь “Таван толгой түлш” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарсан. Сануулбал, энэ оны нэгдүгээр сарын 6-ны өглөө 5:04 цагт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын хоёр, гуравдугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех галд өртсөн.
Одоогоор үйлдвэрийг засварлаж байгааг “Таван толгой” ХХК-иас мэдээлэв. Тус газрын өгсөн мэдээллээр “Галын улмаас түлшний нөөц, үйл ажиллагаа доголдоогүй. Тухайн үед өөр нөөц шугамаар орлуулж ажилласан. Ерөнхийдөө үйлдвэрийг засварлах ажил дуусах шатандаа байна” гэлээ.
Мөн галын шалтгаан нөхцөлийн талаар тухайн үед нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, гал түймрийн шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байгааг мэдээлж байв. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газраас тодруулахад “Галын дүгнэлтийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлнэ. Иймд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор СХД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж байна” гэв.
Дашрамд дурдахад, "Таван толгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг маргаашаас 3750 төгрөгөөр буюу өмнөх үнээр борлуулна. Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийн түлшний үнийг хүйтний улирал дуустал буюу 50 хувийн хямдралтай үнээр нэг шуудайг нь 1875 төгрөгөөр өнөөдрийг хүртэл борлуулж байв. Одоогоор түлшийг 600 гаруй цэгт борлуулж байна.