Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын нээлттэй сонсгол Эдийн засгийн байнгын хороон дээр эхэллээ.
Нээлттэй сонсголд улстөрийн 11 нам, ТББ-уудын төлөөлөл, МҮХАҮТ, АТГ-ын олон нийтийн зөвлөхүүд болон Монголын хуульчдын холбоо, Хөгжлийн банкнаас зээл авсан 15 компанийн төлөөлөл, 14 иргэн оролцож байгаа тухай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Ерөнхий хяналтын сонсгол гэж нэрлэсэн уг сонсголын үеэр таван төрлийн мэдээллийг сонсоно. Үүнд,
-Хөгжлийн банкинд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн тайлан мэдээлэл,
-МУ-ын Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлан,
-Монголбанкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлан,
-Төрийн аудитын байгууллагаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлан,
-Мөн Хөгжлийн банкны өнөөгийн байдлын талаар Хөгжлийн банкны удирдлагын танилцуулгыг сонсоно гэв. Нээлттэй сонсгол Төрийн ордны А танхимд үргэлжилж байна.