Гадаад харилцааны сайд Ц.Батцэцэг өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Украины асуудлаар дэлхийн бүх улс орон байр сууриа илэрхийлж байгаа. Харин Монгол Улсын хувьд байр суурь тодорхой. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Энэ зарчмынхаа хүрээнд бид сүүлийн үеийн үйл явдалд гүнээ сэтгэл зовнин анхааралтай ажиглаж байна.
Хурцадмал байдал даамжирвал дэлхийн эх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж таамаглашгүй үр дүнд хүргэх аюултай. Тиймээс холбогдох талууд яриа хэлэлцээрийн замаар дипломат үйл ажиллагаа, сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна гэсэн байр суурьтай байгаа. Цаашид бид Үндэсний аюулгүй байдлын гишүүдтэй зөвлөж байгаад шаардлагатай бол мэдэгдлийг ойрын үед гаргана" гэлээ.