УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы хугацаанд Их хурлын даргын захирамжаар Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан байгуулжээ.
Уг ажлын хэсэг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах аж.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар томилогдсон байна.
Мөн УИХ-ын дарга захирамждаа ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн албан хаагчдыг ажиллуулахыг ажлын хэсгийн дарга Б.Баттөмөрт зөвшөөрсөн байна.
Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлөөгүй, чанаргүй гэсэн ангилалд орсон компаниудыг олон нийтэд зарлаад буй. Тодруулбал, 2014-2019 онд зээл аваад төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна.