Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд албан 4 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах шийдвэр гарснаас хойш сар шахуу /27 хоног/ хугацаа өнгөрөөд байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа түүний өмгөөлөгч "Э.Бат-үүлийг хуулийн ямар ч үндэслэл, нотлох баримт гаргалгүй хилсээр ялласан" тул шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн.
Мөн өнгөрөгч долоо хоногт Хорих 409-р ангийн удирдлагууд түүний хэвлэн нийтлэх эрхийг /өмгөөлөгчөөрөө дамжуулан шоронгоос бичиж байсан захидлуудыг нь хориглосон/ хууль зөрчин хассан тухай өмгөөлөгч нь мэдээлсэн. Гэвч Э.Бат-Үүлд тавьсан "улс төрийн" хориг саад үүгээр дууссангүй.
Тодруулбал, шүүхийн шийдвэр гарснаас хойш 27 хоног өнгөрчихөөд байхад шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрээ тогтоолоор гаргаж өгөөгүй байгаа тухай тухай түүний өмгөөлөгч мэдээлсэн байна. Хууль есоор бол шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг тогтоол хэлбэрээр /бичгээр/гаргаж, нөгөө талдаа өгөх ёстой. Шүүхийн тогтоолыг цаасаар хүлээн авсны дараа шүүгдэгч тал давж заалдах өргөдлөө гаргах боломжтой. Өргөдөл гаргах нь ч бас хуулийн хугацаатай.
Гэтэл шүүхийн шийдвэр гарнаас хойш сар шахмын хугацаа өнгөрчихөөд байхад шүүхийн тогтоолоо гардуулж өгөхгүй байгаа нь анхан шатны шүүх Э.Бат-үүлийн давж заалдах эрхийг санаатай хясан боогдуулж буй хэрэг юм.