x

Кино шиг "бүтээн байгуулалт"

Нийслэл Улаанбаатар хотын XX зууны бүтээн байгуулалтын нэгээхэн зурвас үеийг харуулсан ер бусын сайхан кино бол "Аман хуур" билээ. Дөч, тавин мянгатыг барихын тулд айлуудыг хөөж хашаа байшинг нь нураахдаа юун нөхөн төлбөр, ядахдаа газар зааж буулгаагүй явдлыг зохиолч Д.Дожоодорж, найруулагч Б.Жамсран нар шүүмжлээгүй, зүгээр л харуулсан. Гэрийн эзэн Соном дуулгавартай, охин Бадам ухамсартай ч Дарь авгай тэр хоёртоо байтугай жанжин. Өнөө цагт бол зад тулаад "суух байтугай хэвтээд ч байж дөнгөх" нэгэн. Даанч ганц хүн дийлдэж л таарна. Жаахан хэтрүүлбэл цензуурдуулж мэдэх байсан ийм эгзэгийн жин панг тааруулж чадсан кино. Хамгийн хурц нь Дарь авгай "хот тохижуулах газар биш, хот бусниулах газар" гэж тасхийгээд гэмших битгий хэл "яадгийм". Цаашаагаа үг болгон нь зүйр цэцэн монгол эмэгтэйн яриа. Хашаа байшингаа алдаж Хүрхрээгийн зусланд зуныг өнгөрүүлээд хот руу буцаж нүүхээр ачаалах үеэр Соном өвгөн намрын шувуудыг хараад сэтгэл хөдөлж залуугийн явдал бодогдсоныг хэлэхэд Дарь "Шувуу буцна уу, буцахгүй ч бай, бидэнд ямар хамаа байна... Чи бид хоёрын залуугийн явдал өнгөрсөн байх аа" хэмээн сэхээ оруулж тэнгэрээс буулгах.

Ингээд тэднийх Газ-51-ээр хөдөлж явсаар төмөр замын гарц өнгөрөөд зогслоо. Бид үүнийг олон жил пэрээзэр (зарим нь фрезер)-ээр нэрлэж ирсэн. Уг нь переезд хэмээх орос үг.

Харин хоёр хөгшин үзэлцсээр.
-Соном оо, Дамдингийн хашаанд буух болж байна уу?
-Өөрөө л мэдэхгүй юу дээ.
-Чи юу ярьж байна аа, өглөөхөн хоршооллын хороонд бууна гээгүй юу.
-Чи өөрөө албан газрын хашаанд буугаад хөл үймээн ихтэй дэмий гээгүй юу.
-Тэгээд хаа буух юм бэ?
-Өөрөө л мэдэхгүй юу. Надад ямар хамаатай юм.
Ард машинууд овоорч сигналдаж гарлаа. Галт тэрэг ч түчигнэн орж ирнэ.

Жолооч арга буюу "Одоо тэгээд яах болж байна. Хот орвол чигээрээ явлаа. Хоршооллын хороо бол зам саллаа"
-Сономоо, үгүй ээ хө чи минь амьд байна уу?
-Амьсгаатай л байна.
-Тэгвэл дуугараач ээ дуугараач. Хоршооллын хороонд буух уу? хот руу орох уу?
-Би таньд саналаа хэлсэн шүү дээ.
-Санал гэнэ шүү пээ мөн дүүрчихсэн өвгөн шүү ямар их лай ланчгаар би ийм амьтантай учрав аа.
Жолооч "За авгай минь, одоо тэгээд яаж шийдэхэв".
-Яв яв
-Хаашаа?
-Хаашаа ч хамаагүй
-Тойргоор уу? чигээрээ юу?
-Хамаагүй ээ хамаагүй...

Ингээд машин зүүн эргэж Энхтайвны гүүрийг зүглэв.  Хотын нүүдэлчин бас нэг монгол айл бууриа сэлгэж хоршооллын хорооны ямар нэгэн Дамдингийн хашаанд ханаа хатгахаар хөдлөх нь тэр.

Гэхдээ би зөвхөн кино биш, харин тэр пэрээзэрийн хувь заяаг ярих гэсэн юм. 1963 онд яг ийм байсныг "Аман хуур"-аас олж буулгав. Замын хажуугийн тэмдгүүд бүрэн. Цаана нь Зайсан толгой бүдэгхэн дүнсийнэ.

Харин яг 55 жилийн дараа буюу өнөөдөр ийм байна.

Кинонд үлдсэн алдарт пэрээзэр маань ерөнхийдөө хэвээрээ. Гэхдээ тун удахгүй. Төмөр замын хоёр талаар орон сууцнууд битүү баригдаж мянга мянган машин өдөр шөнөгүй урагш хойш зорчиход түгжрэл дэндүү болсон учраас хотын дарга нар удаж удаж нэг юм шийджээ. Тэр нь төмөр гүүрэн гарц.

Үүнийг 42 сая доллараар барина. Бараг 100 тэрбум төгрөг. Мөнгө БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл. Ноднин хавар шав тавьсны дараа тэд хоёр талаар нь хашаалаад бүтэн жил ямар нэгэн юм хийж байна.

Надад нийслэл хотын төв зам дээгүүр тавьж байгаа төмөр гүүрүүд огт таалагддаггүй. Ялангуяа 120 мянгатын автобусны буудлын хажуудах гамшгийг харах бүртээ гутдаг. Эхлээд дэлгүүр, дараа нь "Их хуралдай" болсон, ил захидалд хүртэл орсон дугуй барилгыг нураагаад тэс хөндлөн босгосон Сономпилийн барилгатай нийлээд Чингэсийн өргөн чөлөөг ганц багалзуурдсан даа.

Одоо "Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц" хэмээх боловсон нэртэй, дөрвөн талаас ирэх урсгалыг өнгөрүүлэх гэж хоёр давхарлаж орооцолдсон төмөр могой нэмэгдэх нь. Энэ хавийн зам, хөдөлгөөнийг жил хагас хааж наагуур цаагуур өнгөрүүлэх эх адаггүй ажил, маргаан хэрүүл эхэлж байна. 

Тэгвэл "Гудамж" төслийнхөн ийм хувилбар дэвшүүлсэн байх юм. Хятадын төсөлтэй харьцуулж зураг харуулжээ. Тайлбар хэрэггүй юм биш үү!? (Харин "Гудамж" төсөл тарсан, захирал байсан Батболдын утас олдоогүй тул ярьж амжсангүй)

Уг нь пэрээзэр давсан энэ замыг хоёр тийш тэлж өргөтгөөд 2,4 байтугай 8,12 эгнээ замыг Богдхан уул хүртэл тавих боломж байсан ч 15 жилийн өмнө М.Энхболдын үед цэвэр усны хамгаалалтын бүсээс гаргаж байгаад алсын хараагүй, сувьдаг сэтгэлтэй хотын дарга нарын гарын үсгээр хоёр талаас нь барилгаар шахаж, сүүлд яг голд нь нэг зантгар барилга (Home Plaza  гэсэн) босгож хаагаад гүйцээж хорлосон байгаа юм. Дарь авгай тэгэж хэлж чадсан байхад би "яадгийм".

Уржнан Төв шуудангийн өмнөх Монгол Улсын төв уулзвар дээгүүр төмөр гүүр барьж явган зорчигчид шатаар авирч гараад битүү хоолойгоор явж замын нөгөө талд гардаг болох зураг төсөл гаргаж жигтэйхэн сурталчлаад байсан. Удалгүй баруун, зүүн дөрвөн замыг бас төмрөөр торлох сураг бий. Хэрвээ иймэрхүүгээр үргэлжлүүлээд байвал хотын захиргаа, ялангуяа хот төлөвлөлтийнхөн Яармаг руу биш, харин бүр зүүн тийшээ, Да хүрээ захаас дахиад зүүн тийшээ, нэгэн эмнэлэг рүү дөхөж буувал өлзийтэй.

Гэхдээ нэг сайн юм байна. Пэрээзэрийн төмөр гүүрийн ачаар Монголын кино урлагт бяцхан эргэлт гарч магадгүй. Манай киночид гоё байшин, тансаг ресторан, галзуу машинаас эхлээд үйлдвэрийн балгаст зураг авах талаараа Холливудыг бараг гүйцсэн. Харин энэ л дутаад байжээ. Санаж байна уу? Муу хүмүүс ийм төмөр гүүрний дор хамаг ажлаа амжуулдаг. Хоёр талаас хар машинууд ирж дотроос нь хар шилтэй баахан шкафууд гарч бие биенээ анаж зогсох ба хоёр босс өөд өөдөөсөө гарч нижгээд дипломатыг нээхэд нэгэнд нь цагаан өнгөтэй хар тамхи, нөгөөд нь бөөн доллар. Уутыг цоолж амтална, харин долларыг имэрч шажигнуулна. Тэгээд буудалцахгүй болж салж одно... 

 Д. Цэрэнжав  / BAABAR.MN/  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 34 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 38 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 39 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 40 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 41 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 42 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 44 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 47 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 50 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 9 цаг 5 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 28 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 34 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 56 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 44 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 47 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 51 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 53 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 57 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 58 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top