Авлигын төсөөллийн индекс нь улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төрийн албанд танил талаараа томилгоо хийх, төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээллээр нээлттэй байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг хүчин зүйлүүдийг үндэслэн гаргадаг.
Монгол Улс 2024 оны авлигын төсөөллийн индексээр 100 онооноос 33 оноо авч, 180 орноос 114 дүгээр байрт бичигдсэн нь өмнөх оныхоос 7 байраар урагшилсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 5 үзүүлэлтэд оноо буурсан бол 3 үзүүлэлтэд оноо өссөн байна. Улс төрийн хүрээнд авлигыг бууруулах, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, шударга ёсыг тогтоох чиглэлд ахиц гарсан ч эдийн засгийн тогтвортой байдал, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой зарим үзүүлэлтэд оноо буурсан байна.
Авлига нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна ардчиллын үнэт зүйлийг алдагдуулж, улс төр, нийгмийн тогтворгүй байдал үүсгэх, хүний эрхийн зөрчлийн гол шалтгаан болдог гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна. Иймээс авлигын гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн 2024 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 216 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12%-аар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар