Салбар бүрийн стандартын хэрэгжилт, эрх зүйн орчны талаар мэргэжилтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийн нэгдсэн хуралдаан энэ сарын 21-нд Төрийн ордонд болох гэж байна.
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дарга 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ж.Алдаржавхлан, Э.Батшугар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нар ажиллаж байгаа бөгөөд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх үүрэгтэй.
Засгийн газартай хамтран зохион байгуулж буй “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг энэ сарын 19-21-нд үргэлжлэх бөгөөд салбар тус бүрээр дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
- Хоёрдугаар сарын 19-ний өдөр – Барилга, эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт, эрх зүйн орчин
- Хоёрдугаар сарын 20-ны өдөр – Хүнсний салбар болон хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт, эрх зүйн орчин
- Хоёрдугаар сарын 21-ний өдөр – Нэгдсэн хуралдаан
Энэхүү хэлэлцүүлгээр стандартын эрх зүйн орчны шинэчлэлийн санал дүгнэлт гаргаж, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад чиглэсэн тодорхой шийдлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.