Өнгөрсөн даваа гарагт Өмнөд Солонгосын Дэжон хотын бага сургуулийн дуу дүрсний өрөөнд 40 гаруй насны эмэгтэй багш 7 настай сурагч охиныг хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Сэжигтэн багш нь сургуулийн үндсэн ажилтан байсан бөгөөд сэтгэл санааны хямралын улмаас өмнө нь ажлаасаа чөлөө аваад 2023 оны арванхоёрдугаар сард дахин ажилдаа орсон байжээ.
Тэрбээр хэргийн дараа өөрийгөө хутгалсан бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Талийгаач охины аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Охин маань бүжиглэх дуртай, IVE хамтлагийн Жан Вон Ён шиг дуучин болохыг мөрөөддөг байсан. Төрсөн өдрөөрөө IVE хамтлагийн зурагт хуудсыг авч өгөөрэй гэж надаас гуйж байсан ч миний охины бүх хүсэл мөрөөдөл нуран уналаа” хэмээн сэтгэлээ илэрхийлжээ.
Охины дурсгалыг хүндэтгэн К-поп охидын хамтлаг IVE түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн цэцэг, зурагт хуудас илгээсэн байна.
Талийгаачийн оршуулгын ёслол энэ баасан гарагийн 09:30 цагт Дэжоны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болох юм.