Барселона Испанийн аварга шалгаруулах тэмцээний 24 дүгээр тойргийн тоглолтод Райо Вальекано багийг хүлээн авч 1:0 харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын цорын ганц гоолыг Роберт Левандовски 11 метрийн торгуулийн цохилтоор амжилттай оруулсан байна.
Польшийн 36 настай довтлогч энэ улирлын 23 тоглолтод 20 гоол оруулаад байгаа бөгөөд Ла Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй байр сууриа улам баталгаажууллаа. Барселона дөрвөн тоглолт дараалан ялалт байгуулснаар 51 оноотой болж, Ла Лигийн хүснэгтийн эхэнд бичигдэж байна. Харин Райо Вальекано баг 35 оноотойгоор зургаадугаарт бичигдэж байгаа юм.
Дараагийн тойрогт Барселона баг хоёрдугаар сарын 22-нд Лас-Пальмас багтай зочлон тоглоно.
Үүний зэрэгцээ Барселона клуб Германы Байер баг болон тус улсын шигшээ багийн хагас хамгаалагч Флориан Вирцыг эгнээндээ нэгтгэхээр төлөвлөж байгаа аж. Энэ улиралд Байерын бүрэлдэхүүнд 35 тоглолтод оролцож, 15 гоол оруулаад буй 21 настай Вирцийг Transfermarkt цахим хуудсанд 140 сая еврогоор үнэлсэн байна.
Эх сурвалж: РИА Новости