Канадын “Resonance” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани Ази, Номхон далайн бүс нутагт аялахад хамгийн тохиромжтой хотуудыг анх удаа тодруулж, жагсаалтыг танилцууллаа. “Resonance” компани жил бүр гаргадаг “Дэлхийн шилдэг 100 хот” жагсаалтаараа алдартай бөгөөд энэ удаад бүс нутгийн 1 саяас дээш хүн амтай хотуудыг амьдрахад тохиромжтой байдал, сонирхол татах шинж чанар, эдийн засгийн хөгжил гэсэн үндсэн шалгууруудаар үнэлжээ.
Жагсаалтыг хэрхэн гаргасан бэ?
Жагсаалтыг гаргахдаа олон улсын судалгааны “Ipsos” компанитай хамтран хотуудын хөгжлийн түвшин, соёл, амьдрах орчин, бизнесийн орчин, аялал жуулчлалын боломжуудыг судалжээ. Хотуудыг дараах гурван шалгуураар эрэмбэлсэн байна.
- Амьдрах орчин – Хотын түүхэн болон уран барилгын дурсгалт газруудын тоо, агаарын чанар, ногоон байгууламжийн хүртээмж
- Сонирхол татахуйц байдал – Шөнийн амьдрал, худалдааны боломжууд, Tripadvisor-ын тойм, Google Trends дэх хотын нэр хүнд
- Эдийн засгийн хөгжил – Fortune 500 жагсаалтад багтсан компаниуд байгаа эсэх, нэг хүнд ногдох ДНБ
Жагсаалтын тэргүүн байруудад ямар хотууд орсон бэ?
Сингапур жагсаалтыг тэргүүлсэн байна. Аялал жуулчлалын салбараа стратегийн хувьд оновчтой хөгжүүлж, өндөр зэрэглэлийн үйлчилгээ, аюулгүй байдал, цэвэр орчин, соёлын өвийг хослуулснаар жуулчдын сонирхлыг татсаар байна. “Resonance”-ийн тайланд дурдсанаар Сингапур нь технологийн хөгжлөөр тэргүүлдэг, санхүүгийн төв байхын зэрэгцээ дэлхийн хамгийн ая тухтай аяллын чиглэлүүдийн нэг болжээ.
Токио жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Олон нийтийн орон зай, аялал жуулчлалын шинэ төслүүд хэрэгжүүлж, жуулчдыг татах боломжуудыг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолсон. Сүүлийн жилүүдэд тус хотод соёлын өвийг хадгалах, хотын өнгө төрхийг орчин үеийн дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна.
Сөүл гуравдугаарт эрэмбэлэгджээ. Солонгосын соёл урлаг K-pop, K-drama, K-beauty зэрэг үзэгдлүүд дэлхий нийтийг байлдан дагуулж, Сөүлийг аялал жуулчлалын хамгийн сонирхолтой чиглэлүүдийн нэг болгож байна. Нийтийн тээврийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг энэ хот худалдаа, амралт зугаалга, хоолны соёлын олон боломжийг санал болгодог.
Хонконг жагсаалтын дөрөвдүгээр байрт оржээ. Азийн санхүүгийн төв болох тус хот аялал жуулчлалын салбарт томоохон шинэчлэл хийж, соёлын өв, орчин үеийн хөгжил хоёрыг хослуулах бодлого барьж буйг “Resonance”-ын шинжээчид онцолсон. Түүнчлэн тус хотын хоолны соёл, худалдааны төвүүд, санхүүгийн байгууллагууд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хөгжсөн хэвээр байна.
Бээжин тавдугаар байрт бичигдсэн бөгөөд тус хот урт удаан түүхээ орчин үеийн хотжилттой уялдуулан хөгжүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Бээжинд өндөр барилгуудын дунд уламжлалт архитектур, түүхэн дурсгалт газруудыг хадгалж үлдэх бодлого хэрэгжиж буйг шинжээчид дурджээ.
Жагсаалтад хамгийн олон хот багтсан улс орнууд
Энэ удаагийн жагсаалтад багтсан хотуудын тоогоор Хятад улс тэргүүлсэн байна. Тус улсын 33 хот эхний 100-д багтсан бол Энэтхэг 26, Япон есөн хоттойгоор удаалжээ. Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Тайланд зэрэг улс орнуудын томоохон хотууд эхний 100-д багтжээ.
Эх сурвалж: Azertag