АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар лхагва гарагт утсаар ярьж, Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээг нэн даруй эхлүүлэхээр тохиролцсон талаар Цагаан ордон болон Кремль мэдээлэв. Харин энэ хэлэлцээний талаарх мэдээлэл олон улсад тарсны дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хатуу байр сууриа илэрхийлж, өөрийн орны оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ хэрэгжихгүй гэдгийг анхаарууллаа.
"Бид тусгаар тогтносон улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Украиныг оролцуулахгүйгээр ямар ч энхийн тохиролцоо бодитой хэрэгжихгүй" хэмээн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа илэрхийлсэн байна.
Лхагва гарагт болсон Трамп, Путин нарын утасны ярианы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Зеленськийтэй ч мөн утсаар холбогдож, энхийн хэлэлцээний талаар мэдээлэл өгсөн гэж Украины төрийн тэргүүн мэдэгдсэн.
Трамп сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, энхийн хэлэлцээнд Украиныг оролцуулах ёстой гэдгийг баталгаажуулж, "Энэ үйл явцад Украин голлох үүрэгтэй байх ёстой" гэж мэдэгджээ. Түүнчлэн Кремлиэс гаргасан мэдэгдэлд ч Украиныг хэлэлцээнд оролцуулах талаар дурдсан байна.
Украины Ерөнхийлөгч Зеленський өнөөдөр Германы Мюнхен хотноо АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй уулзахаар төлөвлөсөн бөгөөд уг уулзалт нь Украины байр суурийг бататгах, АНУ-ын шинэ засаг захиргааны байр суурийг тодруулах чухал боломж гэж ажиглагчид харж байна.
Харин Трампын хувьд энхийн хэлэлцээг дэмжиж байгаа бөгөөд энэ үйл явцад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин итгэл үнэмшилтэй оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. "Би түүнийг сайн мэднэ. Хэрэв тэр энхийг хүсээгүй бол надад шууд хэлэх байсан" гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)