АН-ынхны уржнангийн зодоонд аль тал нь яллаа? Аль нь ч ялаагүй эвлэрсэн гэх. Онолын зөрүү бус шуналын тэмцэл учраас наймаалцаад түр эвлэрчээ. Намын дарга Лу.Гантөмөр Х.Баттулгын ивээлээр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн атганд-тэргүүн шадар сайдын сэнтийд, Женько бүлгээс Ц.Туваан, Ж.Батсуурь, О.Алтангэрэл сайдаар, босоо Гамбаа “төмөр замын гацаа гэж ярихаа одоо боль” лоозонгоор хөх туг мандуулан мордож, “хаягдал нүүрс гэх хороороо олон хүн алж байна” гэж Л.Мөнхбаясгалан Х.Баттулгын мөр дээр тээглэгч Ж.Оджаргалд ноцсоноор “хөх туг” аянд дэрвэх дарцаг болжээ янз нь. Кокс, хүрэн нүүрс гэх өнгөц ойлголттой би гишүүн хүүхний мэдэгдлээс “хаягдал нүүрс” гэх аюултай хор байдгийг мэдэв. Шахмал түлшинд хордож олноор үхэгсдийг Ж.Оджаргал хаягдал нүүрсээрээ алаад байгаа юм байж. Нарийн төмөр зам 2012 онд ашиглалтад оруулахаар үзэж тарсан ч орос няслалтад 60 саяа хийсгэсэн Ж.Оджаргал бас л төмөр зам гацаагч болж шувтрав. С.Зоригийг хөнөөх захиалга Ц.Элбэгдоржийнх байсныг ерөнхий сайд нотолно гэж амласан. Элбэгээ бас төмөр зам гацаагч байж. Монгол оросын эрлийз онцгой хүүг маань бүрэлгэсэн алуурчийг олох хүсэл ганц минийх биш. Бид хятадын эрлийзийг дээрэлхэж, оросын эрлийзэд долигонодог улс.
Төмөр зам супер аргуудаар гацдаг. Олон улсын стандарт нарийнтай шууд холбогдох царигаа өргөн болгосон, урд хөрш тохироо ёсоор хугацаандаа тавьсан төмөр замын үзүүр хэдэн жил бараагаа харуулсан ч манайх замаа 20 км зөрүүлээд, хэзээ нэг цагт холбохдоо тулбал хорлохоор 280 сая доллар булсан далангийнхаа төгсгөлийг 9 давхар байшин шиг өндөрлөөд орхисон. З.Энхболдын бизнес сэтгэмжээр нүүрсээ 20-30 мянган машинаар ухнатсанаас галт тэрэгний урт цуваагаар зөөвөл ашигтай гэх бухимдал нийгэмд дэвэрч яршиг удах бүрт хэвтээ тэнхлэгийн, баруун зүүн босоо гэх туйлс олон жил хайлсан. Энэ болхи хууралтыг ардууд мэдсэн ч хайхраагүй. Зүүнбаян-Тавантолгойн 416 км хэвтээ төмөр замыг нууц санхүүжилтээр тавьсан ч тээвэргүйгээс элсэнд булагдав яав сураг тасарсан. Эцэст нь өргөн төмөр зам урд хил мөргөөд мухардсан. Энэ бүхнийг урлагч нь Женько зураач гэдгийг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс бусад нь мэднэ.
Х.Баттулгын зөрүүлсэн төмөр замыг хятадтай хамтран холбох гэж байна. 10 гаруй жил Х.Баттулгын бантагнуулсан гацаанд Монгол байтугай Хятад олон тэрбумаар шатсан. Сүйрүүлэх хохирол учруулсан Х.Баттулга руу чиглэсэн сумыг манай засаг Ж.Оджаргал өөд эргүүлэхээр түргэн авчээ. Ж.Оджаргал боомтын төмөр замын холболтыг эсэргүүцэх бус дэмжих хэмжээний элит бизнесмен Х.Баттулгатай жишихэд. Асуудал боомт холболтод бус нүсэр ялыг хэн хэнд шилжүүлэн ачих терминал-хоолойд хутаг хошногт жад болжээ янз нь. Ж.Оджаргал Тавантолгойг төмөр замтай нь хувьдаа авахаар 30 жил шунаж буй бэрд гэнэ. Картанд орсон баргар жилүүдэд сохор зоосгүй төр засаг-байгаа баялаг гэх газрын гүн дэх чулуу шороогоо ухаад зоос болгоод өгөөч гээд англи хэлтэй бизнес гадарласан зовхи нь өөдөө залуустаа хошуу дэвсэж байв. Гэлээ ч Ж.Оджаргал, Сү.Батболд, Б.Нямтайшир нар хутаг ханцуйлсан бөх дагуулж, УИХ-ынхаа даргын багалзуурт Л.Оюун-Эрдэнэ шиг асаагүй сэхээтнүүд. Тэд хуулийн дагуу, төр засгийн зөвшөөрлөөр олборлолт явуулсан. Баялаг бүтээх сорилтод хөлжсөн, хөл алдсан.
Боломж нэмэгдэж салхи эргэсэн ч мега төслүүд бүтэх нь бүрхэг. Гэлээ ч Женькогийн гэргий хүүхдэд юм дусах нь лав. Тэр ерөнхийлөгч болохдоо гэргийгээ хүчтэй хүн бий гэж телевизээр эчнээ магтсан ч бидэнд тэргүүн хатагтайгаа харах заяа дутсан. “Солиотой эр зориг зөнөсөн насанд минь надад гэнэт амтагдав” гэж би бичсэн. Юу хатгав гэвэл мега төслүүд 20-30 жил гацаагч оросуудад үнэнийг түс тас хэлэх зориг-үхэх агшинд төрснөө уншигчдадаа зарласан минь тэр. Мега төслүүд далдаас гацаагч оросуудыг шууд зарлаад, гацаагаагүй атлаа гацаагч гэгдсэн ард олныхоо сэвтсэн нэрийг цэвэрлэе-амьд дээрээ. Зөв үү? Бялдууч бидний ам ардчилалд нээгдсэн ч В.Путины өнгөнд хаагдах янзтай. Орос хөршдөө хэлж зүрхлээгүй үгээ ядаж үр хойчдоо ярилгүй нуусаар үхэх нүгэл.
Ардчиллыг арай дээр нь гэх итгэлтэйгээ би төгсөх янзтай ч ардчилагчдын талаар тун гонсгор хоцров. Ардчилал чөлөөт зах зээлийг хөгжил болгож чадсангүй. Бусдын чадсаныг бид дөнгөсөнгүй. Заяа нь хаямрууд чинь. Гишгэсэн мөр бол та нарын “хэн бэ”-г хэлж өгдөг баталгаат анкет. АН-ын саяхны дажнаар цухалзсан булай мартагдаагүй. АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулагч С.Эрдэнэ олон зуу мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ ухуулга дийлсэн. Харин надад өөр бодол төрдөг. Түүнийгээ тайлбарлахыг оролдъё:
С.Эрдэнэ ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлэглэлийнхээ нууц жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Туваан их хурлаа хийгээгүйгээр үл барам намынхаа тамга гэрчилгээг Х.Баттулгад сэм өгч зуйрчээ. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл цаашид намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх эрх мэдлийн шуналаар өвчилсөн хэдэн муу хүний увайгүй башир явуулганд гишүүд дэмжигчид хууртсаны горыг муу С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН үүрч мэднэ.
Намынхаа дүрмээр Их хурлаа хуралдуулж, намынхаа дүрмээр шинэ дарга сонгох боломжийг С.Эрдэнэд олгоогүй. Намынхаа дүрмээр ажлаа гүйцэтгэх гэж, АН-ын даргын сэнтийг дүрэм бусаар авах гэсэн шижээргүй нөхдөд ад болж яваа УДШ, УБГ-т дарга гэсэн данстай нь С.Эрдэнэ. Түүний данстайг шүүх нотолдог. Үүнд маргах шалтаг байгаагүй. Ийм тод гарц дүрмэндээ байсаар атал С.Эрдэнэ суудлаасаа зуурснаас болж АН хагарсан гээд “эрх мэдлийн төлөө” өлсөөд шороон царайлж хэвтсэн Ц.Туваан нарын бичлэг олны ой санамжид тод үлдсэн. Та нар Х.Баттулгын ямар гавьяаг бишрээд, түүнийг АН-ын дарга болгохоор өлсгөлөн зарлаж нэр алдраа шившиглэв? 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох төмөр зам гацааж, аж үйлдвэрийн парк бантагнуулж, 80 их наядын ашиг хаасан экс ерөнхийлөгч Х.Баттулгаас хохирлоо ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ нэхээд байдаг.
Х.Баттулга Сингапурын оффшор бүсэд охиныхоо нэр дээрх дансанд янз бүрийн луйвраар цавчсан орлого-58 сая ам. доллар байршуулсныг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг мэдээлсэн. 2018 оны 6-р сарын 19-нд “Пирамид-Орд” ХХК “Буман залуус 296 айлын орон сууц барина” гэж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч тус зээлийн барьцаанд МоАХ-ны байрыг тавьсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сард дуусаж, 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсжээ. Хөгжлийн банкнаас түүний авсан зээлийн нийт өр 142 тэрбум гэж мэдээлэв. Ийм этгээдийг АН-ынхаа дарга болгохоор хэний захиалгаар амиа дэнсэлж өлсгөлөн зарлав аа. Та хэд шударга ёс, хүн амынхаа төлөө, авлигын эсрэг өлссөн гэнэ. Хэн ч итгэхгүй. Х.Баттулгыг оргилд залж, хариуд нь суга дэвших өлсгөлөн гэж амтай болгон ярьж байсныг зөвхөн та хэд сонсоогүй байж магад. Дарга болох донгоо хумихгүй бол АН-д юун ялалт, ирээдүй ч алга. Сэнтийн төлөө хорхой нь язганасан хэдэн бөгсний бохирт АН бузартсан нь мораль бичдэг-ардчилсан үзэлтэй өвгөн зохиолчийг гонсойлгов.
Гэтэл төмөр зам 16 жил гацааж 18,5 тэрбум долларын хохирол учруулсан хорлон сүйтгэгчээр Хөхөөгийн Ганболд гэгчийг тодруулж, “гацаагч” гэх гүтгэлгээр олон жил нүдүүлж хэлмэгдсэн Х.Баттулгыг баатар болгохоор хэро Баатар кино бүтээсэн гэв үү? Түүний дүү ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нөөлөг хүчтэй нь мэдээж. Орон тооны бус зөвлөгч хуурай ахаа Та өөрөөсөө холдуулбал Танаар хэн ч оролдохгүй, мега төслүүд гялс бүтнэ. Мега төслүүд хөдлөөсэй гэж монгол хүн бүр залбирч буй. Тэр зайлбал орос гацаа холдоно. Л.Оюун-Эрдэнэ дүү минь бүхэнд ил болсон Х.Баттулгын зууны гайг бусдад тохох гэж далдуур зүтгэх-зэтгэрийн хорлол Та хаанаас авчваа. Хэн халдаачваа. Баттулга чинь Оюун-Эрдэнэ юм уу, Оюун-Эрдэнэ маань Баттулга юм уу гэж эргэлзэхэд хүрэв. Түүний тарьсан нүглийг бусдад үүрүүлж, ял завшуулбал хойшид төмөр зам, эрчим хүч, шатхуун г.м. гацаа үргэлжилнэ гэж өвгөн зохиолч эмзэглэнэ. Түүнээс зай барихгүй бол засаг чинь нурна шүү. Гэхдээ засаг танаас биш түүнээс гайтаж нурахыг ухаар. Байдал ингэж эргэсэнд би “сүүдрээ харж биеэ зас” гэж сануулахаар хуучин нийтлэлээ дор байршуулав.
(2025-02-12)
2023 оны нийтлэл.
Ноёлох оргилоос гомдолтой годройтсон Х.Баттулга хонзогнохдоо хууль журам нулимж, бэртэгчин хүслээ хар муйхраар ил далд өрнүүлэв. Тэр булхайгаар ялж амташсан самбоч. Тушаалтай дэрвэж явахдаа аймшиггүй үйлдсэн хулгайнхаа мөрийг арилгахгүй бол тушаатай дэгэх цагт баларна гэж айсан биз. Арьсаа хамгаалахад АН-ын даргын сэнтий хуяг. Тэр өөрийн гаршсан арга-рекетчдийг тушаал төслөөр урхидан зузаарав. Эрх мэдэл мөнгөнд нугасгүй цөөврүүд түүнийг АН-ын даргад залаад ивээлд нь багтаж зад баяжихаар улайран хамгааллаа. Х.Баттулгын дүрэмгүй дайралтад АН-ын удирдлага шившигтэй хагарсан нь онол-үнэт зүйлстээ итгэл үнэмшлээр нэгдээгүйгээс гадна дор бүрнээ тушаал ахих шунал тээж явдаг нь нөлөөлөв. Ардчилал гэж хоосон мангарлагчид юугаа ч мэдэхгүй нэг бол Х.Баттулгын их хуралд мянгаараа, нөгөө бол С.Эрдэнийнхэд мянгаараа цугларна. Их хурлын төлөөлөгч хэмээн нийслэлд хоол зочид буудал гээд тансаглах хөдөөнийхөнд супер хожоо. Намын үзэл бүү хэл өөрийнхөө үзлийг ч тэд мэдэхгүй. Х.Баттулгын хурал дээр С.Эрдэнийг бут авна, С.Эрдэнийнх дээр Х.Баттулгыг зад авна. Аль ч намын гишүүд иймэрхүү болоо юу даа.
АН-ын даргын төлөөх галын шугамд торгуулийн сумангийнхан өлсөж үхэхээ зарлаж тэсгим жаварт хүйтэн цемент дээр хэд хоног хөсрий царайлж хэвтлээ. Тэд юуны төлөө өлссөнөө зарлахдаа будилж, эх орныхоо төлөө өлссөн ч юм шиг, эрх мэдлийн төлөө өлссөн ч юм шиг эргэж буцаж, олон янз, утга мохоо мэдэгдэл хиймчээ аядсанд ардчилагдаж яваа монголчууд тохуурхлаа гэж бухимдав. Даргын сэнтийг дүрэм бусаар булаах гэж сарлагдсан нь илэрч шившиг болсон тул тэд нөгөө талаа гутааж, олны нүдэнд ижилсэхээр “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх мурилт орон даяар цацав. Ижилсүүлж дөнгөвөл хоёул будлиантай харагдаж, хэрэлдэгч талууд гарааны зураанд зэрэгцэж жагсана гэж балиартсан Х.Баттулгын тал тооцжээ.
С.Эрдэнэ муу ч хүн бай дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээрээ амьдарч суръя л даа. Албан ёсны баталгаатай бүртгэл нь УДШ, УБГ-т эрхбиш байгаа С.Эрдэнийн талтай, хууль бус Х.Баттулгын талыг хуарлуулж, хоёр тал хоёулаа буруутай гэж нийгмийг төөрүүлэх ов мэхийг хамтарч магадлая гэхээр бүртгэлгүй нь буюу Х.Баттулгын тал бултав. Үнэнийг олох-буруутай талд ялагдал. Х.Баттулга, Ж.Батсуурь хоёр намын тэргүүний сунгаагаар бүх аймгаар заларч бийлэгжүү чансаагаа гишүүддээ гайхуулав. Тансаг баярхуу хоёрыг малчид алга ташиж дэмжээд явсны нь дараа шоолж нохойтсон байж магад.
Монголын хуулийг эрх мэдэл авилгын ааг, орос олигархиудын сүрээр ялж оодорсон Батттулга АН-ын даргыг гарын үзүүрээр авч шидэх гэсэн. Баттулгыг бараадагч цөөврүүд түүний булаан эзлэх довтолгоог зөвтгөхийн тулд “хоёр дарга, хоёр тамганы алийг жинхэнэ гэх вэ” гэж мэдэн будилсан пиар дэвэргэв. Харанхуй массыг молгидвол хуурамч бүхэн ялдагт тэд амташжээ. Мөнгөөр өвч цэнэглэсэн Х.Баттулгын булаалтын эсрэг тэмцэхэд намын дүрэмнээс өөр зэвсэг байсангүй. С.Эрдэнэ намынхаа дүрмээр шинэ даргаа сонгоно гэж гүрийснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж муйхарлаагүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ бат баримталсан чоныг ч би өмөөрнө. Х.Баттулгыг хормойдож “том юманд” хүрэх гэсэн цөөврүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ гэж улилдав. Түүнийг тэгж буртаглах угтаа Х.Баттулгын булайг замхруулах, үгүй ядаж С.Эрдэнэтэй тэнцүүлэх зорилго. Тэгээд “хоёр хэрээний алийг хар гэх вэ” гэснээр АН-ын сэнтий булаах Х.Баттулгын довтолгооны дүрэм бус нь-бүдгэрэх учиртай юмсанж.
Ганзагач Баттулгын махинаци тэнэг муйхар ч түүнийг няцаах хүч Монголд тодроогүй. 17 чингэлэг слиртийн хэргийг болхи гэхээс уран гэхгүй. Чулуун зүрхтэн гаргадаг л улайрсан хулгай. Урд хил рүү тавих төмөр замаа гацааж буйгаа ОХУ-д харуулахаар нэг залуугаар хэд хэдэн газар хөрс хуулуулаад, ямар ч тооцоо судалгаагүй тэнэг ажил нь хэрэггүй болж ял хариуцлага нэхэгдмэгц Х.Баттулга хөлс мөнгөө унжиж, нөгөө залуу нь хэрэгцээгүй ажилд хамаг хөрөнгөө барж өрөнд унаж дампуурч шатсандаа амиа егүүтгэхийг хоёр ч удаа оролдсон. Амиа хорлосон уу яасан сураг тасарсан. Бат-Үүлийн үсийг галзуу эм зулгаасан нь угтаа сэнтийн төлөөх зодооны хаялга-Х.Баттулгын АН-ын дарга болох дайралтын нэг бүлтрэлт. Увс хүүхэн хижээл Үүлийн цав цагаан халимгийг зумлах хэрэг юу билээ. Сосорбарамын нүүр лүү Бээжин гэгч олон саяын дээрмээр ял эдэлсэн цуутай хэрцгий рекетчин гурил цацав. Хурал удирдаж суусан С.Эрдэнийг тайзан дээр Х.Баттулгын хам гэх Алтанхуяг зодлоо. Эдгээр нь хоорондоо төстэй нэг л мулгуу гавлын болхи комбинаци. Зам тээврийн яамны сайд байхдаа Х.Баттулга, А.Гансүх хоёрын идэж уусан, үрж шамшигдуулсныг шалгаж ухлаа гэж тус яамны аудит Гомбосүрэн гэх залууг Махвал Артур нарын бүлэг зодож хэрцгийгээр бүрэлгэсэн. Интерпол хайж буй Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ, аавын хаалга татаж яваа А.Гансүх гээд гай хөө хөвөрнө. Хар мөртийг бараадагч цөөвөр зөндөөн. Х.Баттулгын арга мэх болхи мулгуу ч гэлээ төр засгийг самарч дөнгөөд байдаг нь монголчуудын мэдрэмжгүйн лай.
Том ах нар залууст суудлаа тавьж өг гээд хутга ханцуйлсан бөх дагуулж өрөөнд нь дайрч ороод сайд болсон МАН-ын залуусаас АН-ын залуус үлгэр аваач гэж нэг залуу сэтгүүлч уриалжээ. Харин өвгөн зохиолч би залуу лидерүүдийг эрдмээрээ, эелдэг зан, шударга ёс зүй, амжилтаараа ахмадуудынхаа итгэл хайрыг тат гэж уриалъя. Чадварлаг залуус тийм замаар өгсдөг. Тийм залуусыг ахмадууд мөрөөдөж, суудлаа өгөхийг нэр төрийн хэрэг гээд хүлээж буй. Ахмадууд залгамжлагч нарынхаа дундаас итгэл дааж эх орноо өөд татах соруудыг олж, суудлаа ёсорхог тавьж өг. Жам нь тиймийг ухаар. Залуусын оюуны эрч, хөгшдийн туршлага хосолбоос Төрийн бодлого улам ухаажихыг мэдэхгүй хэн байна. Уршиг тарих сагсуу болчимгүй залуусыг хөөргөдөх осолтой. Чадваргүй залуус дэвшихээр ичгүүргүй дайрдаг бол мунхарснаа мэдэрдэггүй хөгшид ховхордоггүй. Х.Баттулга, З.Энхболд хоёр туршилга сууж буй ардчиллын гол лидерүүдээ Путины сүрээр намнаад захиргаадах тогтолцоо руу ханарах гээд бүтсэнгүй юу даа.
Дарга болох хүсэл нь нурсан Г.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар уурандаа намаа хаяж нам байгуулна гэж мэдэгдэв. Намын даргын сэнтий ганц. Түүн дээр залрах донтой бөгс хэд вэ? Нэг үгээр эрх мэдэлд шунагч АН-аар дүүрэн. Эндээс л хагарал үүссэнээс АН үзэл баримтлалаар хагараагүй гэдэг ортой. Хагарах онолгүй юм чинь үлий нь хагарах вэ. Хүчин төгөлдөр намын дүрэм чинь ямар ч хүчирхэг зальжин самрагчийг ялна. Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болгохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд гарааныхаа зураан дээр тэмүүлж байна. Өвгөн би хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөж бичих юм. Сайн муу хэлүүлсэн залуус ная гарсан буурайг энэ үүдээр харна уу яана өөрсдөө мэдтүгэй. Бүгдийг чинь бурхан өршөөг. Алив асуудал дүрмээр шийдэгдвээс хуулиар буруудахгүй агаад өгөөжтэй байдаг.
Бяцхан Монголд өрнөсөн хэврэг бослого хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй 90 онд жагсагчдын араас ил гарч хулчгар нүүрээ харуулаагүй Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг гурав төр засаг жолоодож үзлээ. Н.Алтанхуяг намдаа томдоод багтахгүй УИХ-д бие дааж, нөгөө хоёр нь орос олигархиуд зуйрч мега төслүүдээ гацааснаар эх орноо өрөнд унагав. Тээр жил Н.Алтанхуяг “Би намын дарга болно” гэж туйлахад нөхөд нь дотроо дургүй ч түүнийг гомдоож төвдөлгүй зөвшөөрсөн түүх бий. Тэр бээр АН-ын дарга, Сангийн, Тэргүүн дэд, бүр Ерөнхий сайдын сэнтий өөд улайран довтолж, АН-ын дэмжлэгээр хүсэл шуналаа хангаж явсан улстөрч. Үхэр уусан усандаа баадаг. Түүнд бусдаас тасархай чадвар, үлгэрлэх шударга зан байдаг бол бас яая гэхэв. Тулга тойрсон муу заль сийлэх гэж биеэ албадахдаа мохоо ухаанаа түгжирвэл арван хуруугаа дэс дараалан нэг нэгээр дарж байж мулгуу яриагаа эмхлэхчээ аяддаг тийм л лидер. “Хонгил” хичээлээ бага ангийн заах аргаар самбарт зурж тайлбарлана. Аминдаа ард олондоо номчирхож буй нь тэр. Өөрт заяагаагүй зөөлөн сэтгэл гаргахаар нүдэндээ үе үе нулимс хуруулснаа гэнэт хувирч, хонзонтой хүйтэн харцаар цоргиж сүрдүүлэх гэж оролдоно. Царай нь янз янзаар улалзаж, барьцгүй үгээ мухардвал чадахгүй мөртлөө бухах гэж заваарна.
Энэ бүх жүжиглэлийн цаана эрх мэдлийн төлөө дайтах хорхой нь харин галзуу. Увайгүй нь нутгийнхны нь тунхагласан-увс чанар биз. Тэр бээр өөрийгөө зөндөөн юм бүтээсэн гэх ч АТГ-т түүний олон хавтас хэрэг цугларсан. Байцаалт өгөхөөр дуудагдах бүрдээ тэр АТГ-ын үүдэнд телевизээр хэлмэгдэгчийн өрөвдөм дүр эсгэдэг. Хэлдэг бэлэн өчиг нь “Шударга болохоор авилгачид намайг ерөнхийлөгч болчих вий гэж айхдаа гүжирдэж байна” гэх даруу бус ганц мэдэгдэл хийнэ. Нийтийг уяруулж өөрийнхөө талд татаж байгаа нь тэр. Хавтас хэргүүд нь устсан уу яасан. Юутай ч тэр огцроод хамтрагч, хүргэн хоёр нь түүний өмнөөс ял эдлэх шиг болсон. 2014 онд Н.Алтанхуяг Рио Тинтод буулт хийсэн захидал өөрөө дур мэдэн илгээж, улс төрийн алдаа хийснийхээ төлөө огцорчхоод өдгөө Дубай, Таван толгойгоос болж огцорсон гэж жүжиглээд томорч явна. АН-аа нулимаад бие даагч болсон Н.Алтанхуягийг түүний шүлстэй АН-аас ерөнхийлөгчид дэвшүүл гэж УИХ дахь АН-ын бүлэг өлсгөлөн зарлаад, нэр дэвшигч С.Эрдэнийг Х.Баттулгын санхүүжилтээр унагахаар хөлслөгдсөн троллуудтай дуу нийлүүлэн давалгаалав. Н.Алтанхуяг даварч сонгуулийн хороог хуулиа зөрчөөд өөрийгөө бүртэг гэж сүрдүүлээд бүтээгүй. Эцэст нь өөрийгөө ерөнхийлөгч болгохоор өөрөө өлсгөлөн зарлаад ч тусыг эс олов. “Дарга болно гэвэл болдог” увс үе алсарчээ.
Хил дамжин “гахай” чирж хөлжигсөд төрийн ордноор гүйлдэж, харьд ханилж яваа нутаг нэгтнээ хулхиддаг аргаараа аварга ордуудаа булаацалдав. Булчинлаг ганзагачдад оюунлаг ардчилагчид ялагдаж шоронд хоригдлоо. Хөгжилд хүргэсэн хүн төрөлхтөний туршлага-онолтойгоо хамт пости коммунистуудад дийлдсээр үнэ цэнээ алдав. Хуучинсгуудыг ялалтад хүргэдэг хөгжөөн дэмжигч дэндүү олон ажээ. Дэндүү олон тэд хэн бэ? Зуун дамнасан төөрөгдөл нь сэтгэцийн эмгэг болж гэмтсэн масс. 90 оны өвлийн тэсгим жаварт анх цуурайтсан уриа унтарсанд өвгөн зохиолч харамснам. Тиймээ ардчиллын үнэт зүйлс замхрав. Дарангуйллын өөдөөс эсэргүү үг анх чулуудсан жаалуудыг няц дэвсэнэ гэж тухайн үед онголзож явсан хувьсгалт намынхан, харааж байсан ардчилал нь өдөр ирэх тусам дэлхий даяар зөвдөөд эхэлмэгц өөрсдийгөө ардчилал чөлөөт зах зээлээр пааландав. Намайг 50-тай хэнз өвгөн байхад тэмцэлд боссон залуус 20 гаруй насныхан байсан тул би тэднийг дүү нараа гэж хазайсан талаас нь түшихийг хичээж ирлээ. Нүүдэлчдийн коммунаас ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүх. Би бэлэн. Хараал хар толгойд эргэж дусна гэдэг худал. Мухар сүсгээс айлтгүй өгөр өвгөнийг зүх. Намайг зүхэгчид ч миний уншигчид. Хорвоогоос тонилсон хойно ч монголчуудын минь нэр хайран. Хүн нэрээ тогос өдөө гэдэг.
Эх сурвалж: Доржготов /Baabar.mn/
Сэтгэгдэл (1)