Халх Нөмрөгийн Буриад хошууны 100, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Энэхүү барилдаан нь сар шинийн баярын өмнөх томоохон барилдаан гэдгээрээ онцлог. Барилдаанд түрүүлсэн бөх найман сая, үзүүрлэсэн нь таван сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн шагнал хүртэнэ.
Мөн бөхчүүд, үзэгчдийн дундаас таван азтан тодруулах бөгөөд тэднийг Монгол Улсын Тод манлай уяач, гавьяат малчин Т.Батзориг, алдарт уяач Г.Ганчулуун, Б.Батсайхан нарын адуун сүргийн хурдан удмын адуугаар мялаах юм.
Д.Цогзолдоржийн бөхийн замнал
Улсын начин Д.Цогзолдорж 1999 онд Дорнод аймгийн баяр наадамд үзүүрлэж заан цол хүртсэн. Дараа нь 2000, 2001 оны Бүх цэргийн наадамд дараалан түрүүлж, арслан, хурц чимэгтэй арслан цолны эзэн болсон.
Түүнчлэн тэрбээр 2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойд улсын начин Ду.Батбаяраар дөрөв, улсын заан О.Одгэрэлээр тав давж улсын начин цолны босго давсан билээ. Ингэснээр тэрээр Цагаан-Овоо сумаас төрсөн хоёр дахь улсын цолтон болсон бөгөөд түүнээс өмнө гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир улсын цол хүртэж байсан түүхтэй.