Хятадад төвтэй хиймэл оюуны гарааны компанийн бүтээсэн “DeepSeek” чатботыг ашиглан Өмнөд Солонгосын нэгэн хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээд буюу “TikTok”-ийг эзэмшигч “ByteDance” компани руу илгээсэн болохыг Өмнөд Солонгосын зохих байгууллага илрүүлсэн тухай албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.
Хувийн мэдээллийг хамгаалах хороо /PIPC/ мэдээлэл цуглуулах ажиллагаатай холбоотой болгоомжлолоос үүдэн Өмнөд Солонгост “DeepSeek” аппликейшнийг шинээр татаж авахыг түр хугацаагаар зогсоосноо мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа дээрх мэдээллийг өгчээ.
“Бид “DeepSeek”-ийг “ByteDance”-тай харилцаа холбоотой гэдгийг баталгаажуулсан” гэж PIPC-ийн ажилтан хэлжээ. Гэсэн хэдий ч “ямар өгөгдлийг, ямар хэмжээгээр шилжүүлснийг хараахан тодорхойлоогүй байна” гэж албаны хүн нэмж хэлсэн байна.
Тус байгууллага “DeepSeek”-ийн хэрэглэгчийн мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдсан болохыг баталгаажуулсан анхны тохиолдол энэ болж байна. Өмнөд Солонгосын хуулийн дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгөх тохиолдолд тухайн хэрэглэгчээс зөвшөөрөл авах ёстой байдаг.
PIPC мөн “DeepSeek”-д албан ёсны хүсэлт илгээж, мэдээлэл цуглуулах, зохицуулах аргачлалаа тодруулахыг хүссэн байна. Үүний хариуд “DeepSeek” Өмнөд Солонгос руу төлөөлөгчөө томилж, тус улсын хуулиудыг судлах явцад эндүүрэл гарсныг хүлээн зөвшөөрсний сацуу тус хороотой идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Yonhap