АНУ, Израил улс Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байгаа талаар мэдээлэл гарсны дараа Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан хатуу мэдэгдэл хийлээ. Тэрбээр Бушер мужид айлчлах үеэрээ "Хэрэв тэд бидний цөмийн байгууламжийг сүйтгэхийг оролдвол бид тэднээс 100 дахин олон байгууламжийг барина" гэж онцолжээ.
"Тэд бидний цөмийн төвүүдэд цохилт өгнө гэж сүрдүүлж байна. Тэд үүнийг хийж чадна, гэхдээ эдгээрийг барьж буй тархинд цохилт өгөх боломжгүй. Хэдэн зуун байгууламжийг устгалаа ч бид хэдэн мянгыг нэмж барина" хэмээн Ираны Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг SNN суваг дамжуулсан байна.
Израил, АНУ-ын цохилтын төлөвлөгөө ба Трампын байр суурь
"The Wall Street Journal" сонинд Америкийн тагнуулын байгууллагын мэдээллийг эш татан бичсэнээр, Израил улс Ираны цөмийн байгууламжуудад томоохон хэмжээний цохилт өгөхөөр энэ онд хэлэлцэж байгаа аж. Техраны олон улсын байр суурь суларсан энэ цаг үед цэргийн арга хэмжээ авах нь стратегийн хувьд боломжтой гэж үзсэн бололтой.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 10-нд хийсэн мэдэгдэлдээ Ираны цөмийн хөтөлбөрийг хоёр аргаар зогсоох боломжтой хэмээгээд:
- Цэргийн цохилт өгөх
- Гэрээ хэлэлцээр байгуулах гэсэн хоёр хувилбар байгааг дурдсан байна. Гэсэн ч тэрээр Иранд шууд цэргийн цохилт өгөх бодолгүй, дипломат аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа гэдгээ онцолсон байна.
Израил, АНУ-ын төлөвлөгөө бодит үйл хэрэг болж эсэх, мөн Иран үүнд хэрхэн хариу өгөх нь олон улсын анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (1)