Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд зүгт 2 км-ийн зайд 10 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2023 оны долдугаар сард эхлүүлжээ. Энэхүү станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшинг тогтворжуулах чухал үүрэгтэй бөгөөд ашиглалтын 25 жилийн хугацаанд 415 мянган мегаватт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ. Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн 13,515 иргэн, 1,230 өрх тогтвортой эрчим хүчээр хангагдах боломжтой болж байна.
Өмнө нь тус бүс нутагт дотоодын эрчим хүчний эх үүсвэр байхгүй байсан тул Эрдэнэтээс эхлэн Алтай-Улиастай хүртэлх урт шугамаас эрчим хүч нийлүүлдэг байжээ. Энэхүү шинэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, тогтвортой хангамжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.
Тус станц ашиглалтад орсноор жилд 12 мянга орчим тонн нүүрс шаталтаас зайлсхийж, 14 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ 145 мянган тонн ус хэмнэх тооцоотой.
Баруун бүсийг эрчим хүчний төв болгох зорилгын хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв баригдаж байна. Үүнтэй төстэй Дэлгэрэх нарны цахилгаан станц Завхан аймагт 2022 онд ашиглалтад орсон бол Говь-Алтай аймагт мөн өнгөрсөн онд ижил төрлийн станц нээгдсэн.
Мөрөнгийн нарны цахилгаан станцын онцлог нь цахилгааны чанарыг сайжруулах дэвшилтэт тоноглолтой, Жи Ай Си системийн орон зайг 10 дахин багасгасан, автоматжуулсан технологи нэвтрүүлсэн зэрэг давуу талуудтай аж.
Энэхүү бүтээн байгуулалтаар тус компанийн суурилагдсан хүчин чадал 45 мегаватт хүрч, Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилтод томоохон хувь нэмэр оруулж буй юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, байгальд ээлтэй аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилготой бүтээн байгуулалтын ажлууд баруун бүсэд үргэлжилсээр байна.
Эх сурвалж: Эрчим хүчний яам