Мэргэжлийн боксын рингэнд 12 дахь тулаанаа хийж, ялалт байгуулсан гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэлийн уулзалтын үеэр нийслэлийн дээд шагнал болох "Хангарди" одонг Э.Цэндбаатарт гардуулж, түүний дасгалжуулагч Жонатан Уоллийг "Хүндэт тэмдэг"-ээр шагнасан байна.
Э.Цэндбаатар тус шагнал гардуулах үеэр НИТХ болон НЗДТГ-аас "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлж, мэргэжлийн боксын дэлхийн аваргын бүсийг зүүхийн төлөө улам хичээхээ мэдэгдэв.
Э.Цэндбаатарын дараагийн тулаан АНУ-ын Лос Анжелес хотод тавдугаар сард болох бөгөөд түүний өрсөлдөгч нь мэргэжлийн бокст 18 ялалт, 1 ялагдал-тай, АНУ-ын шилдэг тамирчин Жордан Вайт байх аж. "Шорт Дог" хочтой Жордан Вайт нь нийт ялалтынхаа 12-г хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан туршлагатай боксчин юм. Тэрбээр өндөр 171 см, 2015 онд анхны тулаанаа хийсэн, дэлхийд 20-р байр, АНУ-д 6-р байр-т эрэмбэлэгдэж байна.