Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Харбин хотноо уулзав.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ахиц, амжилт гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажил эрчимтэй урагшилж, энэ удаагийн уулзалтын хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг онцлов.
Хоёр улсын Ерөнхий сайд нар дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан холбох, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов. Мөн Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдэв.
Энэхүү уулзалт нь хоёр улсын Ерөнхий сайд нарын тав дахь удаагийн уулзалт бөгөөд айлчлал бүрийн хүрээнд яригдсан төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд талууд талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан БНХАУ-ын Засгийн газарт баяр хүргэсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.