Засгийн газрын өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
-УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах, цаашлаад хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, эрх зүйн орчныг тодорхой болгох ХЗДХЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах төслийг боловсруулж ХЗДХЯ-ны сайд танилцуулна.
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх үед УИХ-ын гишүүд болоод улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналыг үндэслээд тус хуулийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр хуулийг Засгийн газрын зүгээс татаж авах шийдвэр гаргасан.
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, болон үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байна. ЗГХЭГ-ын даргын хувьд стратегийн орд газруудын 34-50 хувийг үндэсний баялгийн санд эргүүлэн авах ажлын хэсгийг ахалж байгаа. Монголын баялаг аль нэг намын өмч огт биш. Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. Төгрөг нуур, Ухаа худаг бүгд хамаарна. Үүнийг хэн нэгэн бүтээгээгүй. Тиймээс ард иргэд үүний баялгийг хүртэх зохицуулалттай. Аль намын хэн эзэмшсэн байх нь огт хамаагүй. Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна. Стратегийн зөвхөн нэг ордын талаар ярихад л олон асуудал үүсч байгааг та бүхэн харж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгож байна.
Мөн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан долоо хоног бүр мэдээлдэг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцууллаа.
-Энэ ажлын хэсэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх цогц арга хэмжээ, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж хоёр сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаан дээр гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна.
Сэтгэгдэл (3)