Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн эмч нарын хамтарсан баг нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ нь Монгол Улсад хүүхдэд хийсэн 11 дэх, харин ЭХЭМҮТ-д хийгдсэн 5 дахь удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс засал болж байна.
Тус мэс засал нь өндөр мэргэжлийн ур чадвар шаардсан нарийн ажиллагаатай бөгөөд Монголын эмч нарын хүүхдийн элэг шилжүүлэн суулгах чиглэлд гаргасан ахиц дэвшлийн нэг жишээ боллоо. Эмнэлгийн зүгээс цаашид нэг наснаас доош, бага сартай болон бага жинтэй хүүхдүүдэд элэг шилжүүлэн суулгах шинэ технологи нэвтрүүлж, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Ийнхүү элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголдоо амжилттай хийж байгаагаар гадаад руу эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоог бууруулах, эмнэлгүүдийн ачааллыг төвлөрүүлэн зохицуулах боломж бүрдэж байгааг салбарын яам онцолж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам