Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхий нийтээрээ Дэлхийн ширээний теннисний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Олон улсын ширээний теннисний холбооны (ITTF) санаачилгаар 2015 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хүйс, нас, үндэс угсаа харгалзахгүйгээр тэгш оролцоог дэмжих зорилготой юм.
Ширээний теннис нь дэлхийн хамгийн олон хүн тоглодог спортын нэгт тооцогддог бөгөөд хурд, авхаалж самбаа, мэдрэмж өндөр шаарддаг онцлогтой. Энэ спорт нь зөвхөн тэмцээн уралдааны бус, эрүүл мэнд, нөхөрлөл, нийгмийн оролцоог дэмжих хэрэгсэл болохыг ITTF онцолж ирсэн.
Монгол Улсад ч ширээний теннис тоглогчдын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, хүүхэд залуусын дунд түгээмэл спортоор нэрлэгдэх болсон. Мөн спортын дэд бүтцийн хөгжил, клуб, холбоодын үйл ажиллагаа тогтмолжиж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж нэмэгдэж байна.
Өнөөдөр дэлхийн улс орнуудад олон нийтийн тоглолт, спортын уриалга, сургалт, тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаагаас гадна цахим орчинд ч тэмдэглэлт үйл ажиллагаанууд өрнөж буй юм. Та ч бас өнөөдөр ширээний теннис тоглож, биеэ чийрэгжүүлэн, энэ өдрийг тэмдэглээрэй.
Эх сурвалж: International Table Tennis Federation (ITTF)