Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч, Бразилын шигшээ багийн тоглогч Винисиус Жуниор ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа талаар Италийн Tuttosport сонин мэдээллээ. Уг асуудал нь түүний хувийн хөрөнгө оруулалттай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байгаа аж.
Бразилын Tiberis Holding do Brasil нэртэй компани ФИФА-гийн Ёс зүйн хорооны хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргаж, Винисиусийн тоглох эрхийг хоёр жилээр хасуулах санал хүргүүлжээ. Учир нь Винисиус өөрийн эцэг болон бие төлөөлөгчийн хяналтад байдаг ALL Agenciamento Esportivo компанийн дамжуулгаар мэргэжлийн хөлбөмбөгийн клубүүдийн хувьцааг эзэмших, заримынх нь худалдан авалтанд оролцсон нь ёс зүйн зөрчил хэмээн үзсэн байна.
Tuttosport-ын мэдээлснээр, тэрбээр Бразил болон Португалын клубүүдийн хувьцааг аль хэдийн эзэмшиж байгаа ба Испанийн нэгэн багийн хувьцааг худалдан авахыг сонирхож буй аж. Хэрэв зөрчил нь нотлогдвол:
-
Тоглох эрхийг тодорхой хугацаагаар хасах,
-
Мөнгөн торгууль ногдуулах,
-
Эзэмшиж буй хувьцаагаа зарахыг шаардна.
Винисиус Жуниор 2018 оноос “Реал Мадрид”-д элсэж, өнөөдрийг хүртэл нийт 311 тоглолтод оролцон 105 гоол, 79 оновчтой дамжуулалт хийсэн үзүүлэлттэй байна. Испанийн лиг, цом, Аваргуудын лиг болон олон улсын тэмцээнүүдэд нийт 9 удаагийн аваргын цом хүртсэн тэрбээр өнгөрсөн онд ФИФА-гийн хувилбараар дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн билээ.
Харин Бразилын шигшээ багт 39 тоглолтод 6 гоол оруулж, 6 дамжуулалт хийжээ.
Өмнө нь “Реал Мадрид”-ын удирдлага Винисиусийг Саудын Арабын клубт 240 сая еврогоор зарах боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ нь тоглогч зөвшөөрсөн нөхцөлд хэрэгжих юм. Түүний “Реал”-тай байгуулсан гэрээний хугацаа 2027 оны зун дуусгавар болохоор байна.
Эх сурвалж: Tuttosport, TASS