АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын 23-нд Лондонд болох Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудлаарх олон улсын уулзалтад оролцох айлчлалаа цуцалсан талаар The New York Times сонин мэдээлжээ. Түүний энэхүү шийдвэр нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар хатуу байр суурь илэрхийлсний дараа гарсан байна.
Лондонгийн уулзалтаар АНУ-ын талаас танилцуулахаар төлөвлөж буй долоон заалт бүхий энхийн төлөвлөгөөнд Крым болон 2022 оноос хойш ОХУ-д нэгтгэсэн газар нутгийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх, Украин улс НАТО-д элсэхээс татгалзах зэрэг санал багтсан гэж The Daily Telegraph сонин бичжээ. Гэтэл мягмар гарагт В.Зеленский Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхийг эрс няцаасан мэдэгдэл хийсэн нь Рубиогийн шийдвэрт шууд нөлөөлсөн бололтой.
Уг уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффын оронд тус улсын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог оролцох нь баталгаажсан байна. Мөн Их Британи, Франц, Украины төлөөлөгчид болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Павел Палиса, Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцох ажээ.
Уулзалтад АНУ-аас дэвшүүлж буй гол саналуудын нэг нь Украин, Оросын хооронд шууд яриа хэлэлцээ хийх, гал зогсоох, Запорожье АЦС-ыг АНУ-ын хяналтад шилжүүлэх, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цуцлах, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг олон талт алхмуудыг багтаасан байна.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Financial Times-т өгсөн тайлбартаа, АНУ болон Оросын хоорондын энхийн хэлэлцээ хүнд бөгөөд цаг хугацаа шаардсан үйл явц байх болно гэдгийг онцолж, уулзалтаас шууд үр дүн хүлээхгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалжууд: The New York Times, The Daily Telegraph, Financial Times
Сэтгэгдэл (1)