Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс 2022 оноос эхлэн бэлтгэлээ хангаж, 2025 оны гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Уг мэс заслыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, УХТЭ-ийн эмч нар болон Солонгосын “Самсунг медикал” төвийн профессор Ким Жонгманаар ахлуулсан баг, мөн УНТЭ ба ХСҮТ-ийн туршлагатай эмч нарын зөвлөмжийн дагуу хийсэн байна.
Мэс засалд донорын элгийг Дурангийн аргаар авсан нь Монголд гурав дахь удаа амжилттай хийгдсэн тохиолдол болж, өвчтөнд зовуурь багатай, хурдан эдгэрэлттэй байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Одоогийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэний биеийн байдал тогтвортой, эмнэлгээс гарч, хяналтад шилжсэн байна.
Энэ мэс заслыг эх орондоо амжилттай хийснээр эрхтэн шилжүүлэн суулгуулах хүлээгдэл багасаж, гадаад улс орон руу эмчилгээний зорилгоор ханддаг урсгалыг бууруулах, мөн Монголын иргэд эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээг авах боломж нэмэгдэж байна.
Цаашид Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр ажиллаж, холбогдох бэлтгэл ажлаа эрчимжүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг