Иргэн Д.Саранзул гэр бүлийн гадуурх харилцаанд орсон гуравдагч этгээдийг хуульчлан шийтгэх санал бүхий өргөдлийг D.Petition платформ дээр нийтэлж, олон нийтийн дэмжлэг авч эхэлжээ. Уг санаачилгын дагуу, гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж, тухайн гэр бүлийн салалт, сэтгэл санааны хохиролд шууд нөлөөлсөн гуравдагч этгээдийг мөнгөн торгууль (5–10 сая төгрөг) болон баривчилгаа, албадан хөдөлмөрөөр шийтгэх шаардлагатай гэж үзсэн байна.
Өргөдөлд дурдсанаар:
-
Ийм төрлийн хууль хэрэгжсэнээр хүмүүсийн ухамсарт нөлөөлж, гэр бүлийн гадуурх харилцаа буурна,
-
Салалт, өнчрөл цөөрнө,
-
Хүүхдийн эрхийг хамгаалж, сэтгэл зүйн хохирлыг бууруулна гэж үзжээ.
Д.Саранзул “гэр бүл гэдэг бол төрийн баталгаатай, тангарагтай харилцаа” хэмээн тодорхойлж, “гэр бүлийн тогтвортой байдалд санаатайгаар халдаж байгаа этгээдийг эмч, багш, төрийн албан хаагчидтай адил хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “эмч алдаа гаргахад торгодог, харин амьдралыг бүхэлд нь сүйтгэж байгаа хүмүүс шийтгэлгүй өнгөрч буй нь шударга бус” гэж үзсэн байна.
Энэхүү санал олон нийтийн дунд маргаан дагуулж байгаа ч, гэр бүл салалтаас үүдэх сэтгэл зүйн хохирол, хүүхдийн эрхийн зөрчлийг анхаарлын төвд оруулж буй нь олон хүний дэмжлэгийг хүлээж байгаа ажээ.