Монголын үндэсний бөхийн холбоо, “Эвт Монгол” клубын санаачлагаар Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн болон Идэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.
Энэхүү барилдаан нь улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой нийт 256 бөх оролцох хуваарьтайгаар Монгол бөхийн өргөөнд маргааш болох бөгөөд Монгол бөхийн түүх, уламжлалыг хүндэтгэх, бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу хүчтэнүүдийн ур чадварыг сорих зорилготой юм.
Барилдаанд дараах шилдэг бөхчүүд зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна:
-
Улсын аварга О.Хангай
-
Арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва
-
Заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга
-
Харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар зэрэг энэ цагийн шилдгүүд
Түрүүлсэн бөх 12 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 7 сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн шагнал хүртэх бөгөөд үзэгчдийн дунд азтан шалгаруулалт явагдаж, супер азтан “Тоёота Акуа” маркийн автомашины эзэн болох юм.
Барилдаан нь М.Лхагва арслангийн бөхийн амжилтыг хүндэтгэх, түүний нэрийг мөнхжүүлэх зорилготой бөгөөд улсын арслан М.Лхагва нь:
-
1931 онд ес давж үзүүрлэн улсын заан,
-
1933 онд арав давж түрүүлэн арслан цол хүртсэн,
-
1939 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэсэн,
-
1934–1936, 1946–1951 оны улсын наадамд шөвгөрч байсан түүхэн хүчтэн юм.
Түүнчлэн ах дүү нараасаа улсад заан цол хүртсэн М.Намбар, аймгийн заан М.Дэндэв нарын хамтаар бөхийн удамтай, суйлах, эгэмдэж тахимдах, сугадаж тонгорох зэрэг мэхийг төгс эзэмшсэн бөх байжээ.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Сэтгэгдэл (1)