Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар зэрэг дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэрийг гаргалаа.
Энэхүү шийдвэрийг төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан бөгөөд цаашид эдгээр байгууллагын гүйцэтгэж байсан чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллагууд болон харьяа дүүргүүдэд шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахаар болжээ.
Татан буугдсан байгууллагуудын эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоо, үйл ажиллагааны шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу шийдвэрлэх үүргийг Засгийн газраас дараах албан тушаалтнуудад тус тус өгсөн байна:
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
-
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар
Тус ажлыг хэрэгжүүлэх явцад иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг саатуулахгүйгээр үргэлжлүүлэх, зохион байгуулалтад шинэчлэл хийх үндсэн зарчим баримтлагдаж байгааг албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар