Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн төсөл танилцуулагдсаныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ. Уг төсөлд Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилж, Экспорт, импортын банк болгон өөрчлөх эрх зүйн шинэ зохицуулалт тусгасан байна. Хуулийн төслийн эцсийн хувилбарыг ирэх долоо хоногт дахин хэлэлцэж, улмаар УИХ-д өргөн барих бэлтгэл хийгдэж байгаа ажээ.
Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх зорилгоор Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хүрээнд дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж байгаа юм:
-
Татварын ерөнхий хууль
-
Хөрөнгө оруулалтын тухай хууль
-
Хууль тогтоомжийн тухай хууль
Үүнээс гадна Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ дахь намуудын бүлгийн саналаар эргүүлэн татагдаж, дахин боловсруулан өргөн мэдүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор мөн ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан зохион байгуулж байгааг мэдээлэлд дурджээ.
Эдгээр эрх зүйн шинэчлэлүүд нь төрийн санхүүгийн бүтэц, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад хамтын ажиллагаа, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар