Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журмыг өөрчилж, гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр буюу жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлнэ.
Тус журмыг НИТХ-ын 2022 оны тогтоолоор баталснаас хойш мөрдөж байгаа бөгөөд журамд машин цагийн зардал, гүйцэтгэлээр жолооч нарыг дүгнэдэг байсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн системийг 2015 оноос, зорчигч тоолох системийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Үнэ тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлгүй, нийслэлийн төсвөөс автобус компанид жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан бол энэ жилээс 1000 төгрөг болгосон билээ. Жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлэх ажлын хэсгийн эхний хуралдаанаа хийжээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
-“Олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад нэвтрүүлснээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ. Өөрөөр хэлбэл, жолооч нар туулсан зам, зорчигчдын тоогоороо өрсөлдөх юм. Сүүлийн 10 жил ашигласан нийтийн тээврийн санхүүжилтийн бодлогын зарчмыг хамтад нь өөрчилнө” гэв.
НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Цахим төлбөрийн системд 2015 онд шилжихэд KPI нэвтрүүлэхийг дэмжээгүй. Иймд жолоочийн хариуцлагыг нэмэхийн тулд гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулна” гэснийг НЗДТГ-ын ХМОНХХ-аас мэдээллээ.