x

Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна

Манай эриний өмнөх 27 онд эртний Ромын эзэнт гүрэн гэж байлаа. Баруун эзэнт гүрний нийслэл нь Ром хот. Энэхүү хотод тухайн үед эзэнт гүрнийхээ сүр хүчийг илтгэсэн нэгэн том тэмцээн болдог байсан нь гладиаторын тулаан байв. Энэ тулаан нь өнөө цагийн дэлхийн долоон гайхамшгийн нэг алдарт Колизей цэнгэлдэх хүрээлэнд болдог байсныг бид “Гладиатор” киноноос мэднэ. 50-80 мянган хүн, зарим үедээ 110-130 мянган хүн чихэлдэн байж гладиаторын тулааныг үзэж сонирхдог байсан нь түүхэнд үлдсэн байдаг. Улс төрийн хувьд энэ олон мянган хүнийг нэг дор цуглуулах нь эрх мэдэл, засаглалаа бэхжүүлэх, ард олондоо таалагдах том боломж байсан нь тодорхой.

Тиймээс гладиаторын тулааныг үзэн сонирхохоор ирсэн хүмүүст тухайн үеийн Ромын төр үнэгүй талх тараадаг байсан нь түүхэнд тод бичигдэн үлдсэн байна. Үүнийгээ тэд “талх ба цирк” гэж нэрлэдэг байж. Энэ нь Ромын засаг захиргаа, ялангуяа эзэн хаад болон улстөрчид ард түмнийг тайван байлгаж, дэмжлэг авч үлдэхийн тулд хэрэглэдэг арга хэмжээ байв. Тухайн үеийн Ромд ядуу иргэд маш олон байсан гэж үздэг. Мөн үйлдвэрлэлийн төвлөрөл муу, ажилгүйдэл ихтэй, ард түмэн нь өлсгөлөн, бухимдалтай байсан учраас бослого, эсэргүүцэл гарах аюултай байсан учраас төрийн бодлогоороо үнэгүй талх тараадаг байсан аж. Ингэж тарааснаараа хуран цугларсан түмэн гладиаторын цус асгаруулсан тулаанаас сэтгэлийн таашаал авахын зэрэгцээ өлөө дарж үнэгүй талх иддэг байсан нь нийгмийн уур бухимдлыг дарах гол арга нь болж чадсан байна.

Энэхүү арга нь тухайн үедээ төрийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлсэн ч яваандаа эдийн засгийн дарамт үүсгэж, хэт хамааралтай нийгэм бий болгож, цаашлаад Ромын эзэнт гүрний задрах болсон хамгийн том шалтгаан гэж түүхчид үздэг. Яг ийм дүр зураг өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд өрнөж байна даа. Ажилгүйдэл, ядуурал өндөртэй, авлига, хулгай нь гаарсан, татварын дарамт, шударга бус байдлаас болоод нийгмийн бухимдал нь дээд цэгтээ хүрч байгаа энэ үед Сүхбаатарын талбайд үнэгүй плов тарааж, ард олны дунд алаан болгож байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга нь өдөр болгон төв талбай дээрээ гарч ирэн “…өнөөдөр пловтой, маргааш лавшатай, нөгөөдөр цуйвантай” гэж хоолныхоо цэсийг өөрийн биеэр зарлах жишээтэй. Хорооноос хоол тавьж өгвөл иднэ дээ гэдэг наргиа яриа өнөөдөр биеллээ олж байх шиг. Яг ямар зорилгоор ийм арга хэмжээ хийсэн нь тодорхойгүй. Уг арга хэмжээг хийсний дараа Монгол Улс руу орж ирэх жуулчдын тоо нэмэгдэх үү, эдийн засагт орлого орж ирэх бодитой нөхцөл, боломж бүрдэх үү.

Сүхбаатарын талбайд үнэгүй хоол тараах энэхүү арга хэмжээг татвар төлөгчдийн мөнгөнөөс 600 сая төгрөг гарган хийсэн гэж байгаа. Энэхүү зардлаа ядахдаа хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлогыг эдийн засагтаа буцаагаад оруулж чадах уу. Энэ мэт энгийн асуултууд хариултгүй хоцорч байна. Гэхдээ аливаа арга хэмжээ тодорхой зорилготой байдаг. Тэр зорилгыг нь өнөөгийн нийгэмд болж байгаа цаг үеийн үйл явцтай уялдуулан холбож ойлговоос нэг ийм дүр зураг буухаар. Өөрөөр хэлбэл, зорилгыг нь тодорхойлох гээд л үзэж байгаа нь энэ. Сүүлийн үед хэн хүнгүй эрх баригчдын явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг шүүмжилж байна. Тэр дундаа татварын асуудал утаа, түгжрэлээс илүү иргэдийг бухимдуулж, туйлдуулж дууслаа.

Наад захын жишээ гэхэд Нийслэлийн татвар, үүн дотроо автомашинд тавьсан татварын өөрчлөлтөд ард түмэн үнэхээр бухимдаж байгаа юм. Үүнээс харвал Нийслэлийн Засаг дарга татвар нэмсэндээ уучлалт хүсч, ард түмнийхээ бухимдлыг багасгах зорилгоор энэхүү үнэгүй хоол тараах арга хэмжээг сэтгэн санаачилсан байх магадлал өндөр байна. Иргэдийн хоолойд тулсан асуудал олон байгаа энэ цаг үед эрх баригчдад шаардлага, санал шүүмжлэлээ жагсаал цуглаанаар хүргэх сонирхолтой хүмүүс их байгаа. Ингээд жагсах гэж ирсэн иргэдийг өнөөх хоол үнэгүй идэж байгаа иргэд нь дургүйцэж “хоол идэж байхад юун жагсаал, тэмцэл яриад байгаа юм бэ” гэх зэргээр үзэж чадахгүй байна. Ядаж байхад нийгмийн асуудлаа ярьж, шүүмжилж, бодитой эсэргүүцдэг нь үнэгүй хоол идэх сонирхолтой иргэдээсээ хэд дахин цөөн аж. Дэлхийн бусад хотод хоолны том арга хэмжээнүүд болдог.

Тэнд болж байгаа хоолны өдөрлөгт оролцогчид нь хоолыг соёл, урлаг гэж хүлээн авдаг. Яг л театрт дуурь үзэж байгаа мэт соёлтой, хүндэтгэлтэй оролцдог. Харин манайд хоолыг соёл гэхээс илүү үнэгүй хоол идээд өлөн ходоодоо нэг баясгачихъя гэдэг хандлага нь илүү давчих шиг. Манайхан ч тэгээд хоол битгий хэл бусад оронд хог болчихсон барааг оруулж ирээд хямдрал зарлаад зарахад л алаан болцгоодог хүмүүс л дээ. Тиймээс үнэгүй хоол өгөх арга хэмжээг энэ их зардлаар ингэж зохион байгуулалт муутай, дампуу хиймээргүй л байлаа.

Жишээ нь, пловыг узбекчүүдээр хийлгүүлээд тараах хэрэг байсан уу. Энэ нь Монголыг сурталчлах, жуулчдыг татах пиар болж чадах уу. 600 сая төгрөгөөр плов тараачихаар Узбект, эх оронд нь очоод идье гэсэн сэдлийг хүмүүст төрүүлэхгүй юу. Жуулчид татах битгий хэл харин ч эсрэгээрээ хүний нутаг руу хүмүүсээ явуулах агуулга харагдахгүй байна гэж үү. Ийм дампуурсан, бодлогогүй арга хэмжээ хагас тэрбум гаруй төгрөгөөр зохион байгуулж байхаар энэ мөнгөө үндэснийхээ хоол үйлдвэрлэгчдэд өгөөд, тэднээр энэ арга хэмжээгээ зохион байгуулчихсан бол аятай байлаа. Нөгөө хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэдэг үг байдаг биз дээ. Манайхан узбекчүүдээс дутахааргүй плов хийдэг болсон. Олон үндэстний хоол гэж ярих гэж байгаа бол манайхан тэрийг чинь хэн хүнээс илүү сайн хийнэ.

Ялгагдахын аргагүй л хийнэ. Гол нь гадагшаа гарч байгаа мөнгө дотооддоо үлдэнэ. Дээр нь үндэсний үйлдвэрлэгч, энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжчихнэ. Нэг сумаар хэд хэдэн туулай буудчих боломжоо яагаад эсрэгээр нь хийчихэв гэдэг дээр хүн болгон гайхаж байна. Зохион байгуулагчдын зүгээс хэлсэн 600-хан сая төгрөгөөр иймэрхүү хоолны өдөрлөгийг яаж бол яаж хийхээр байлаа. Зохион байгуулсан нь ч тэр, очиж хоол идэж байгаа нь ч тэр тархи толгойдоо хоолноос өөр зүйл бодохгүй байгаа нь тодорхой харагдав. Гэтэл дэлхий дахинд буюу биднээс бусад нь юу бодож, юу сэтгэж, юуг хийхээр тэмцэж, зорьж байна вэ. Хиймэл оюуны хөгжлөөр өрсөлдөж байна. Худалдааны дайн хийж байна. Эдийн засгаа илүү томруулахын тулд, улс орноо хөгжүүлэхийн төлөө яах ёстой вэ гэдэг дээр нойр, хоол бодолгүй л өрсөлдөж байна. Улс орныхоо тусгаар тогтонол, газар нутаг, хүн ардынхаа сайн сайхан ирээдүйн төлөө эцсийн хүчээ шавхан тулалдаж байна. Гэтэл бид харь орны хоол үнэгүй пловын төлөө л ард олон, эрх баригчдаараа дээр доор ортлоо алалцаж байгаа нь эмгэнэлтэй биш үү. Үнэндээ юуны төлөө, ямар зорилгоор татвар төлөгчдийн энэ их мөнгөөр ийм арга хэмжээ зохион байгуулж байгааг ойлгохгүй байна. Улсын хөгжил хүнээсээ гэдэг.

Тэгвэл ард түмнээ хоолноос цааш гаргахгүйгээр энэ нийгмийг удирдах нь өнөөгийн эрх баригчдын гол бодлого болж. Хоолноос цааш гарахгүй байгаа ард түмэнтэй улсад авлига, хээл хахууль, шударга бус байдал хэзээ ч арилахгүй. Арилгах сонирхол ч төрийн бодлого тодорхойлогчдод байдаггүй бололтой. Учир нь эрх мэдэл, албан тушаалтайгаа байхын тулд сонгож байгаа ард түмнийхээ нүдийг нээж болохгүй гэдэг бодлогыг эрх баригчид явуулж байна. Энэ утгаараа Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа хоолны өдөрлөг цагаа ч олсонгүй, агуулгаа ч гаргасангүй. Тиймээс хаврын ид ажлын үеэр энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй. Зогсоогоод барахгүй ийм арга хэмжээ зохион байгуулсан албан тушаалтнуудад татвар төлөгчдийн өмнөөс хариуцлага оногдуулах ёстой гэдгийг хоолноос давж сэтгэдэг ард түмэн шаардаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.146)
    угаасаа эрх баригчид энэнээс илүү сэтгэж чадахгүй тархиных нь хэмжээ тэр!
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна 11 мин Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ 33 мин Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон 37 мин iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө 39 мин Путин Трампын тусгай элч Уиткоффтой Санкт-Петербургт уулзлаа 40 мин АНУ, Иран хоёр цөмийн тохиролцооны хэлэлцээрт эргэн орлоо 43 мин Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгдэж, 151 иргэний амь нас, 5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалав 49 мин Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж байна 51 мин Загас үржих улиралд агнахыг хориглож байна 52 мин Түүхийн улсын XXVII олимпиадын III даваа амжилттай боллоо 53 мин Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь 1 цаг 37 мин Гурван аймгийг холбосон аялал жуулчлалын "алтан гурвалжин" маршрутыг бий болгоно 1 цаг 43 мин Оскарын шагналд шинэ номинац нэмэгдлээ 1 цаг 48 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 14 мин Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлнэ үү 2 цаг 27 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан 2 цаг 35 мин Байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийг нэмэгдүүлэх хүсэлтэй 14 цаг 28 мин Мөс цөмөрч, Идэрийн голд унасан автомашиныг татаж гаргав 14 цаг 40 мин Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 14 цаг 46 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Юун актуализаци вэ…эээ? Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top