Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин болон агаарын чанарын мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг шийдвэрлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй 24 мега төслийг танилцуулж, Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Тэрбээр нэн тэргүүнд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх, уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцолсон юм. Мөн гэр, байшингийн дулаалга хийх ажил эхний ээлжийн зорилт байгааг дурдсан.
Дэлхийн банкны төлөөлөгч Кристоф Крепин хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ