Технологийн аварга компаниудын дундах өрсөлдөөнд Microsoft компани дахин дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар шалгарлаа. CNBC агентлагийн мэдээлснээр, сүүлийн дөрвөн арилжааны үеэр Apple-ийн хувьцаа 23 хувиар унасан нь тус компанийн зах зээлийн үнэлгээг 2.59 их наяд ам.доллар болгож бууруулжээ. Харин Microsoft-ын үнэлгээ энэ үеэр 2.64 их наяд ам.долларт хүрсэн байна.
Apple-ийн хувьцаа ийнхүү унах болсон шалтгааныг шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаалийн татварын шинэ бодлоготой холбон үзэж байна. Д.Трамп дэлхийн 100 гаруй орны бараанд татвар ногдуулах шийдвэр гаргасан нь үнийн өсөлт, эдийн засгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж, Nasdaq индекс дөрвөн өдрийн дотор 13 хувиар буурахад хүргэсэн аж.
Тус бодлого нь Хятадтай үйлдвэрлэл, борлуулалтын гүн холбоотой Apple компанид илүү хүчтэй нөлөөлж, iPhone зэрэг бүтээгдэхүүний үнийг огцом нэмэгдүүлэхээр байна. UBS группийн шинжээчдийн үзэж байгаагаар, iPhone 16 Pro Max загварын үнэ АНУ-д 350 ам.доллараар нэмэгдэх магадлалтай ажээ.
Хөрөнгийн зах зээлийн өмнөх өндөр өсөлтийн үед Apple, Microsoft, Nvidia компаниудын үнэлгээ бүгд 3 их наяд ам.доллараас давж байсан. 2024 оны эхээр Microsoft хамгийн үнэ цэнтэй компани болж байсан ч Apple хожим тэргүүллээ эргүүлэн авч байв. Харин өнөөдрийн байдлаар Microsoft дахин тэргүүлэлд гарчээ.
Эх сурвалж: CNBC