Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багт байрлах “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарсан тухай дуудлагаар Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид газар дээр нь ажиллаж, гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоон, 02:21 цагт бүрэн унтраасан байна.
Мөн унтраах ажиллагаанд Цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид хамтран оролцож, дэмжлэг үзүүлжээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Мөн хор уршгийг арилгах, цаашид ийм төрлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар.