Монгол Улсын XII Ерөнхий сайд, Өрлөг жанжин, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд зургаан заан манлайлан зодоглосон бөгөөд улсын заан М.Лхагвагэрэл аваргалж, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.
Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх М.Лхагвагэрэл энэ улирлын хоёр дахь түрүүгээ хүртэж байгаа нь бөгөөд тэрбээр нийт хоёр түрүү, хоёр үзүүр, хоёр их шөвөгт шалгарсан амжилттайгаар улирлаа үргэлжлүүлж байна. Харин түүний нутгийн дүү, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Чимэдвандан бөхийн өргөөнд хоёр дахь удаагаа үзүүрлэлээ.
Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо нар шалгарсан бол наймд улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бадамгарав, заан Д.Батбаяр нар багтлаа.
Түрүүлсэн бөх 10 сая, үзүүрлэсэн нь 5 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Ингэснээр Дорнод аймаг энэ улиралд өндөр шагналын сантай, өргөн бүрэлдэхүүнтэй гурван барилдаан амжилттай зохион байгуулжээ.
Мөн энэ сарын 19-ний 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болох юм.