АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт зарласан “харилцан адилгүй тариф”-ыг түр түдгэлзүүлсэн шийдвэр нь бусад улс орнуудыг “торгуулиас чөлөөлсөн” гэсэн ойлголтыг няцаажээ.
Тэрбээр нийгмийн сүлжээгээр дамжуулан “Баасан гарагт ямар ч тарифын хөнгөлөлт зарлагдаагүй” гэж мэдэгдсэн байна.
Цааш нь тэрбээр Хятадаас орж ирдэг цахим бараа бүтээгдэхүүнүүд 20 хувийн тарифт хэвээр байгаа гэдгийг онцолсон ч эдгээр нь одоо “өөр тарифын ангилал” руу шилжсэн хэмээв. Тэр нь фентанил хэмээх мансууруулах бодистой холбоотой хориг ажээ.
АНУ Хятадын компаниудыг синтетик мансууруулах бодисын хямрал үүсгэсэн бүлгүүдэд зориудаар бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж олон жил буруутгаж ирсэн.
Трамп мөн төрийн аюулгүй байдал, тарифын зохицуулалттай холбоотой цогц шалгалт эхлүүлнэ гэж мэдэгдэж, үүнд хагас дамжуулагч, цахим төхөөрөмжүүд болон электрон сүлжээний бүхэл бүтэн нийлүүлэлтийн сүлжээ хамрагдана гэв.
Тэрбээр үйлдвэрлэлээ АНУ-д буцаан татах зорилгоо дахин илэрхийлж, “Бид бүтээгдэхүүнээ Америкт үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг нь улам тодорхой боллоо” хэмээн бичжээ.
Шалтгааныг нь тайлбарлахдаа Трамп АНУ-ыг “барьцаалж” буй улсууд, тэр дундаа Хятадыг “дайсагнасан худалдааны улс” хэмээн нэрлэж, ийм нөхцөлөөс зайлсхийх хэрэгтэй гэж дурджээ.
Эх сурвалж: Reuters, BBC News