АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад орсон нүүрсний салбарыг сэргээх зорилгоор дөрвөн зарлигт гарын үсэг зурсан тухай TASS агентлаг мэдээллээ. Эдгээр зарлиг нь нүүрсний олборлолт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, салбарын хязгаарлалтыг сулруулах, хуучин цахилгаан станцуудыг ашиглалтад авч үлдэх зэрэгт чиглэжээ.
Трамп нүүрс олборлогч компаниудын үйл ажиллагааг муж улсуудаар хязгаарласан шийдвэрүүдийг цуцалж, Эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станцын тоог нэмэгдүүлэх боломжийг судлах үүрэг өгсөн байна. Тэрээр хиймэл оюуны дата төвүүдийг тогтвортой цахилгаанаар хангах эх үүсвэрийн нэгээр нүүрсийг ашиглаж болох талаар онцлон дурджээ.
Түүнчлэн хууль зүйн яаманд хандан нүүрснээс татгалзах чиглэлтэй бодлого хэрэгжүүлж буй муж улсуудад хяналт тавихыг даалгасан бөгөөд “Нүүрс бол гайхалтай, цэвэр түлш. Жо Байдены нүүрсний эсрэг дайн дуусах ёстой” хэмээн мэдэгдэв.
“The Washington Post” сонинд дурдсанаар, АНУ-ын нүүрсний салбар сүүлийн хэдэн арван жил бууралттай яваа бөгөөд байгалийн хийн олборлолт, сэргээгдэх эрчим хүчний технологи, үнэ буурсан нь голлон нөлөөлжээ. Харин Трампын засаг захиргаа энэхүү чиг хандлагыг өөрчлөхийг эрмэлзэж байна.
Эх сурвалж: TASS