Доминикан улсын нийслэл Санто Доминго хотын нэртэй шөнийн клуб болох Jet Set-ийн тааз нурж, хамгийн сүүлийн мэдээллээр 98 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай албаныхан мэдээллээ. Осол мягмар гарагийн өглөө эрт, алдарт меренге дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр болсон байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд Монте Кристигийн амбан захирагч Нелси Круз, мөн Америкийн бейсболын лигийн нэрт тоглогч асан Октавио Дотел багтжээ. 51 настай Дотел нурсан барилгын эвдрэлээс гарсны дараа эмнэлэг хүргэгдэх замдаа нас барсан байна. Түүний хувьд 1999 оноос Нью-Йорк Метс багт тоглож эхэлж, дараа нь Хьюстон Астрос, Окленд A’s, Нью-Йорк Янкис зэрэг багт тоглож байжээ.
Рубби Перез мөн уг осолд өртсөн бөгөөд нас барсан нь менежерээр нь дамжуулан батлагдсан байна. Осол болох үед клуб дүүрэн хүнтэй байсан ба 400 орчим аврагч одоо ч гэсэн нурангид дарагдсан хүмүүсийг эрж хайж байна. Аврах ажиллагаа үргэлжилж буй тул амиа алдсан хүний тоо өсөх магадлалтай.
Сошиал сүлжээнд тарсан бичлэгт, нэгэн хүн тайзны ойролцоо зогсож байхдаа “таазнаас ямар нэг юм унаж байна” гэж хэлж, тэр чиглэлийн зүг хуруугаараа зааж буй нь харагддаг. Түүний дараахан осол болж, бичлэг тасарсан ч, нэгэн эмэгтэйн “Ааваа, танд юу тохиолдчихов оо?” гэх чимээ сонсогдож байгаа нь аймшигт мөчийг илтгэнэ.
Jet Set клуб нь Санто Доминго хотын хамгийн алдартай шөнийн цэнгээний газар бөгөөд даваа гариг бүр бүжгийн хөгжим тоглодог тоглолтуудыг зохион байгуулдаг. Осол болох үед улс төрчид, тамирчид зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс клубт байсан гэж мэдээлж байна.
Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер уг эмгэнэлт явдлын дараа гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC News, Reuters, COE Dominican Republic