Жефф Безосын “Blue Origin” компанийн зохион бүтээсэн “New Shepard” пуужин АНУ-ын Техас мужаас амжилттай хөөрч, анх удаа бүрэн эмэгтэйчүүдийн багийг сансарт хүргэлээ. Энэ нь 1963 онд Валентина Терешкова сансарт ниссэнээс хойших түүхэн үйл явдал болж байна.
Хөөрөлтөд “Blue Origin”-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес тэргүүтэй зургаан эмэгтэй оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд CBS-ийн хөтлөгч Гейл Кинг, НАСА-гийн пуужингийн инженер Аиша Боу, хүний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн, дуучин Кэти Перри нар багтжээ.
“New Shepard” хөлгийг орон нутгийн цагаар өглөөний 08:30 цагт хөөргөж, сансрын уудмын хил хязгаар болох Карманы шугам (Дэлхийн гадаргуугаас дээш 100 км) хүртэл бүрэн автомат хяналтаар ниссэн байна. Хөлгийн капсул шүхэр болон сааруулагч төхөөрөмжийн тусламжтай аюулгүй газардсан бөгөөд нислэг нийт 11 минут үргэлжилжээ.
Багийн гишүүд жингүйдлийг мэдрэх ховор боломжийг олж авсан төдийгүй сансраас эх дэлхийгээ ажигласан байна. Уг нислэг нь “NS-31” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын 11 дэх, “Blue Origin” компанийн хувьд нийт 33 дахь хөөрөлт байлаа. Одоогийн байдлаар нийт 52 хүн тус компанийн хөлгөөр сансарт аялсан бөгөөд нэг суудлын үнэ нууц хэвээр байна.
Нислэгийн өмнө багийн эмэгтэй гишүүд “Elle” сэтгүүлд зориулсан зураг авалтад оролцсон бөгөөд тус сэтгүүл анх удаа нүүрээ будаж сансарт ниссэн хүмүүс хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Elle, CBS, Blue Origin.