Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь “Ара Арена” цогцолборт болж, бүсчилсэн хөгжлийн шинэ бодлогын хэрэгжилтийг хэлэлцэв. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хуралдааны үеэр бүсчилсэн хөгжлийн шинэ бодлогын хүрээнд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлэх чиглэлийг танилцууллаа. Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн жил”-ийн хүрээнд бүс бүрийг хөгжүүлэх төслүүдийг тодорхойлох зорилготойгоор ийнхүү зөвлөл байгуулж эхлээд байна.
Хангайн бүсийн онцлог, тулгамдсан асуудал, хөгжлийн боломжуудыг дараах үндсэн чиглэлээр танилцуулав:
-
14 мега төслийг хэрэгжүүлэхэд анхаарна.
-
340 км урт аялал жуулчлалын авто зам барих
-
Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүд байгуулах
-
Шивээхүрэн, Арвайхээр, Цэцэрлэг чиглэлийн авто замуудыг барих
-
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх
-
“Шинэ Хархорум” хотыг түүх, шашин, аялал жуулчлалын төв болгох
-
Сургалт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан хосолсон их сургуулийн хотхон байгуулах
Хуралдаанаас 30 гаруй санал, зөвлөмж гаргасан бөгөөд эдгээрийг Засгийн газрын хуралдаанд нэгтгэн танилцуулж, шийдвэр гаргана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хангайн бүсийн зөвлөлийг албажуулж, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд онцгойлон анхаарна” гэж мэдэгдлээ.
Хангайн бүс нь 293.9 мянган хүн амтай, нийт дотоодын бүтээгдэхүүн нь 2.7 их наяд төгрөгт хүрдэг бөгөөд үүний 52.6 хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг байна.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.