Японы Осака хотод “Тогтвортой ирээдүйг цогцлоох” уриан дор Дэлхийн экспо ням гарагт албан ёсоор нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд дотоодын эдийн засагт 20 тэрбум ам.долларын өгөөж авчирна гэж зохион байгуулагчид найдаж байна.
Осакагийн буланд орших Юмэшима хиймэл арал дээр болж буй экспод 158 улс орон, бүс нутаг оролцож, 28.2 сая хүн зочлохоор төлөвлөжээ. Гол үзмэрүүд нь дэлхийн хамгийн том модон байгууламж хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн “Grand Ring”-т төвлөрнө.
Японы асарт 2000 онд Антарктидаас олдсон “Ангарагийн чулуу” болон Киотогийн их сургуулийн Шинья Яманакагийн удирдлагаар гарган авсан iPS эсийн тусламжтайгаар ургуулсан зүрхний булчингийн ялтсыг үзүүлж байна. Энэхүү технологи нь зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдийг эмчлэх боломжтой гэж судлаачид үзэж байна.
Бямба гарагт болсон нээлтийн ёслолд эзэн хаан Нарүхито, хатан Масако, Ерөнхий сайд Шигэрү Ишиба нар оролцжээ. Хэдий тийм боловч барилгын зарим хэсэг дуусаагүй, зардал анхны тооцооллоос хоёр дахин нэмэгдсэн зэрэг асуудал зарим эргэлзээг дагуулж байна. Мөн 14 сая тасалбар борлогдоно гэж төлөвлөсөн ч одоогоор 9 сая орчим тасалбар зарагджээ.
Япон улс өмнө нь 1970 онд Осакад, 2005 онд Айчи мужид Дэлхийн экспог зохион байгуулж байсан туршлагатай. Энэ удаагийн үзэсгэлэн 10 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Kyodo, TASS