БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны дөрөвдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн гурван улсад буюу Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийхээр болсныг Хятадын Гадаад хэргийн яам мэдээллээ.
Тэрбээр Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, Ерөнхийлөгч Луонг Куонг нарын урилгаар дөрөвдүгээр сарын 14-15-нд Ханойд айлчилна. Харин дөрөвдүгээр сарын 15-18-нд Малайзын хаан Ибрахим, Камбожийн хаан Нородом Сихамони нарын урилгаар Куала-Лумпур болон Пномпенд төрийн айлчлал хийнэ.
Эдгээр улс нь Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн бөгөөд тус бүс нутаг нь Хятадын гадаад худалдаанд чухал байр суурь эзэлдэг. 2024 онд АСЕАН-Хятадын худалдааны эргэлт өмнөх оныхоос 7.8 хувиар өсөж, 982.33 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ дундаа Вьетнам Хятадын хувьд АСЕАН дотроо хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр орны худалдааны хэмжээ нийт дүнгийн 27 орчим хувийг буюу 260.65 тэрбум ам.долларыг бүрдүүлж байна.
БНХАУ-ын даргын энэ удаагийн айлчлал нь бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, стратегийн түншлэлийг улам бататгах ач холбогдолтой гэж шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: TASS
Сэтгэгдэл (1)