Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал Хаванагийн их театрын Ерөнхий захирал Леонардо Тур Брочетэй энэ сарын 14-нд уулзаж, хоёр улсын соёл, урлагийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Элчин сайд С.Золжаргал Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зохион байгуулах, дэлхийд нэр хүндтэй Хаванагийн их театрт Монголын уран бүтээлчдийн уран бүтээлийг толилуулах боломжуудын талаар санал дэвшүүлжээ.
Ерөнхий захирал Леонардо уг саналыг хүлээн авч, 2018 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг тус театрын тайзнаа уран бүтээлээ амжилттай толилуулж байсныг дурдаад цаашид хамтарсан уран бүтээл, туршлага солилцооны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хаванагийн их театрыг 2015 онд Кубын нэрт балетчин Алисиа Алонзогийн нэрэмжит болгосон бөгөөд уг театрын барилгын загварыг Белгийн архитектор бүтээж, 1914 онд Нью-Йоркийн инженерийн компаниар бариулсан түүхтэй гэж Монгол Улсаас Куба Улсад суугаа Элчин сайдын яам мэдээлэв.
Эх сурвалж: Монгол Улсаас Куба Улсад суугаа ЭСЯ.