БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силватай /2025.04.11/ уулзлаа.
Сайд С.Одонтуяа энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож буй онцгой жил гэдгийг дурдаад Францын тал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экспертээ Монголд ажиллуулж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн түүнчлэн байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн тоог нэмэх, тэр дундаа ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх онд зохион байгуулах бэлтгэл хангаж, энэ хүрээнд Францын талтай үр дүнтэй хамтрах хүсэлтэй байгаа аж. Уг бага хурал нь хоёр орны хамтын ажиллагааны луужин болж, байгаль орчны салбар дахь хамтын ажлыг өмнөхөөс эрчимжүүлэх боломж хэмээн талууд үзсэн байна.
Сайд С.Одонтуяа энэ сарын сүүлээр Парис хотноо болох “ChangeNOW” форумд оролцохоор төлөвлөж байгаагаа хэлсэн бол Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силва сайд С.Одонтуяаг 6 дугаар сард болох НҮБ-ын Далайн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ.